Н.Ганибал: Боловсруулж борлуулаад мөнгө олох ёстой бүтээгдэхүүнээ зүгээр л хог болгоод хаячихаж байна
2020.09.02

Н.Ганибал: Боловсруулж борлуулаад мөнгө олох ёстой бүтээгдэхүүнээ зүгээр л хог болгоод хаячихаж байна

Эх сурвалж: Өнөөдөр сонин   Сэтгүүлч: Ц.Бадрах

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.


-Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, бү-тээг дэхүүний экспортыг нэмэгдүүлэх албан бус лобби бүлэг УИХ-д байгуулагдсан. Лоб би бүлэгт багтсан гишүүдийн нэг нь та. Лобби бүлэг байгуулах болсон шалтгаанаас ярилцлагаа эхлэх үү?

-Хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуйн салбарт тулгамдаж буй олон асуудал бий. Энэ асуудлуудыг хамтдаа, нэгдмэл нэг зорилготойгоор хөндөж шийдүүлэхийн тулд лобби бүлэг байгуулсан. Нийт сонгогчдын гуравны хоёр нь хөдөө орон нутгийнхан. УИХ-ын 76 гишүүний 50 гаруй нь хөдөө орон нутгаас сонгогддог. Тэр утгаараа малчдын эрх ашиг, хөдөө аж ахуйн салбарын хөгжил улс орны онцгой анхааралд байх ёстой. Харамсалтай нь ийм онцлогтой салбарын өнөөгийн байдал дэндүү чамлалттай байна.

-Хөдөө аж ахуйгаас асуудал нь хурцадсан гэж онцолбол та аль салбарыг нэрлэх вэ?

-Арьс ширний салбар байна. Үхэр, адууны ширийг зарж борлуулж орлого олно гэдэг асуудал байхгүй болчихсон. Хонины нэхий, ямааны арьсыг бүр хаядаг болсон. Аргал бүтээх маягаар л ашигладаг байдал руу орчихлоо. Арьс ширний үйлдвэрлэлийн бодлого алдаатай яваа учраас ийм байдалд хүрсэн гэж харж байгаа. Өнөөдөр ажиллаж буй үйлдвэрүүд маань дэлхийн стандарт шаардлагыг хангахуйц байж чадахгүй байна. Дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ борлуулах боломж алга. Тийм учраас арьс ширний том бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. 

-Арьс ширний салбар руу хандсан дорвитой бодлого өмнө нь хэрэгжиж байгаагүй хэрэг үү?

-Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2014-2015 онд Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд байхдаа энэ чиглэлийн бодлогыг цогцоор нь гаргасан л даа. Эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулсан. Олон улсын арьс ширний томоохон брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарсан. Дэлхийн том тоглогчидтой харилцаа тогтоож, тэдэнд Монголын арьс ширний зах зээлийг тодорхой хэмжээнд танилцуулж, олон боломжийг нээсэн байсан.

Гэвч тухайн үед бодлого баригчид энэ асуудлын мөн чанарыг бүрэн ойлгоогүйгээс ажил болж чадаагүй. Олзуурхууштай нь Ерөнхийлөгчийн хэдэн жилийн өмнө санаачилж байсан бүхнийг хувийн хэвшлийнхэн зориглон барьж авч сүүлийн хоёр жилд ажил болгож байна. Хувийн хэвшлийнхний энэ санаачлагыг Засгийн газар дэмжиж, хамтран ажиллах болсноо албан ёсоор илэрхийлсэн нь маш том давуу тал.

-Сая та бид хоёрын ярьсан арьс ширний салбарт тулгамдсан асуудлыг шийдэх ямар гарц шийдэл байна вэ, танай лобби бүлэгт?

-Наад захын жишээ гэхэд л арьс ширний өнөөгийн үйлдвэрүүд Улаанбаатарын эргэн тойронд бий. Бүр тодруулж хэлбэл Эмээлт, Хан-Уул дүүрэгт байрлаж байгаа. Хотдоо ойрхон, хот дотоо байрласнаас үүдсэн асуудлууд цөөнгүй байна. “Харгиа” цэвэрлэх байгууламж гэхэд л арьс ширний үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэх ямар ч боломжгүйгээ албан ёсоор илэрхийлсэн.

Тэгэхээр эхлээд шийдэх ёстой асуудал маань энэ болоод байна л даа. Шийдэл нь Дархан хотод барьж байгаа арьс ширний цогцолбор. Энэ цогцолборыг нэн яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй. Тэгвэл хот тойрсон арьс ширний үйлдвэрүүдтэй холбоотой асуудал бүрэн шийдэгдэнэ. Үүнээс гадна үнэгүйдчихээд байгаа арьс шир үнэ цэнтэй болно, арьс ширний салбар доллар олдог салбаруудын эхэнд багтаж чадах давуу талтай. Өөрөөр хэлбэл бидний лоббидох том асуудлуудын маань нэг нь энэ л дээ. 

-Дарханы арьс ширний цогцолборыг ашиг-лалтад оруулчихвал энэ салбарын асууд луудыг цогцоор нь шийдэж чадна гэж ойлголоо, зөв үү?

-Ер нь бол тийм. Өнөөдрийн хувьд малчид бэлчээр дээрээсээ бүтээгдэхүүнээ борлуулах боломж хаалттай байна. Түүхий эдийг дотоодын үндэсний үйлдвэрүүдэд авчирч өгөх албан ёсны зүйл алга. Олон дамжлагатай ченжийн тогтолцоо л байна. Энэ дамжлагыг багасгах, худалдааг зөв зохион байгуулах шаардлага бий. 

-Борлуулалтын зөв систем нь таныхаар юу вэ?

-Хөдөө аж ахуй бирж. Хөдөө аж ахуйн бирж 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Гэхдээ хангалттай хэмжээнд ажиллаж чадахгүй байна. Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг хувийн өмч дээр тулгуурласан хувийн аж ахуй нэгжүүдийн хүчин чармайлтыг нэгтгэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн борлуулах тогтолцоо гэж харах ёстой. Биржийн үйл ажиллагааг энэ утгаар нь явуулах хэрэгтэй. Өнөөдөр бидэнд мөнгө ус агаар шиг хэрэгтэй байгаа. Дахиад хэлэхэд боловсруулж борлуулаад мөнгө олох ёстой бүтээгдэхүүнээ зүгээр л хог болгоод хаячихаж байна гэдэг нь бодлого буруу байгаагийн л шинж.

Хөдөө аж ахуйн салбарт эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлоод доллар олох олон бүтээгдэхүүн бий. Наад зах нь мах, ноос ноолуур, арьс шир байна. УИХ-ын гишүүд бодлогын төвшинд нөлөөлөх лобби бүлэг байгуулсан цаад утга нь энэ л дээ. Ер нь хамгийн хүртээмжтэй салбар бол мал аж ахуй. Монгол улсын нийт хүн амын ажиллах хүчний гуравны нэг нь энэ салбарт бий. Нийт хүн амын бараг гуравны хоёр нь мал аж ахуйгаас хамааралтай орлого олж байгаа. Тийм учраас бидний хамгийн түрүүнд хийх ажил бол мал аж ахуйн экспорт руу чиглэсэн үйлдвэрүүдийг хурдан хугацаанд хөл дээр нь босгох. Ингэхийн тулд үйлдвэрүүдийг эргэлтийн хөрөнгөөр хангах гэх мэт бодлогын олон шийдэл шаардлагатай. 

-Бэлтгэсэн нийт ноолуурын талаас илүү хувийг хятадууд анхан шатны боловсруулалт хийгээд урд хөрш рүү гаргадаг. Арьс шир-ний 80 хувийг нь хятадууд анхан шатны боловсруулалт хийгээд урагшаа гаргадаг гэсэн үү. 20 хувийг нь л дотооддоо авч үлдэж чаддаг гэсэн тоо харагдсан?

-Одоо бол юун 80:20 гэсэн харьцаа манатай болсон. Арьс ширний салбар ямар ч чадамжгүй болчихоод байна шүү дээ. Дотоодын үндэсний үйлдвэрүүд маань ч тэр, гадны хөрөнгө оруулалттай компаниуд ч гэсэн худалдан авах ямар ч чадваргүй болчихоод байгаа. Тэгэхээр бидний өмнө олон улсын томоохон арьс ширний үйлдвэрлэгч, том тоглогчдод бүтээгдэхүүнээ зарж, тэдэнтэй хамтарсан дэлхийн брендүүдийг үйлдвэрлэх шаардлага тулгараад байна.

Өөрөөр хэлбэл бид том үйлдвэрлэлийн төлөө хүчээ нийлүүлж, үр дүнд хүрч байж дараагийн шатандаа гарна. Өнөөдрийнх шиг олон жижиг үйлдвэр ажиллуулаад дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүйг өнгөрсөн жилүүд нотолж байна. Монголын төр энэ үйлдвэрүүдийг дэмжсэн бодлогыг удаа дараа хэрэгжүүлж байсан түүх бий. Салбарт нь ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд төрөөс арьс ширний үйлдвэрүүдээ дэмжиж, тоног төхөөрөмжийнх нь сайжруулалт гэх мэтэд зориулж хүү багатай зээлээр дэмждэг байсан.

Гадаадын худалдаачид бүтээгдэхүүнийг нь түүхийгээр худалдаж авчихаад байна гэсэн гомдлыг үндэсний үйлдвэрлэгчид тавьж, тэр гомдлынх нь дагуу Монгол улсын Засгийн газар арьс ширийг түүхийгээр гадаад зах зээл рүү гаргахыг хорьж байсан удаатай. Ингэлээ гээд байдал сайжрахгүй байна л даа. Өнөөдөр дэлхийд монгол үхрийн ширээр хийсэн гутал гэж байхгүй. Ер нь монголын арьс ширээр хийсэн гэсэн тодотголтой брэнд сонсогддоггүй шүү дээ. Лобби багийн эцсийн зорилго бол ерөөсөө л Монголын, шууд утгаараа бэлчээрийн малын арьс ширээр үйлдвэрлэсэн арьсан гутал, цүнх гэсэн эцсийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хангалттай үнээр зарах. 

-Цогцоор нь шийдэхгүй л бол арьс ширээ доллар болгож чадахгүй гэсэн үг үү?

-Товчхондоо тийм. Дархан хотын арьс ширний паркийн үндсэн зорилт бол сая миний хэлсэн зүйл л дээ. Бэлчээрийн малын арьс ширээр үйлдвэрлэсэн арьсан бүтээгдэхүүнийг дэлхийд брэнд болгож хангалттай үнээр зарж чаддаг болохын тулд арьс ширний цогцолбор байгуулж байгаа юм.

-Намрын эхэн сар гарчихлаа, тун удахгүй өвөл болно. Та бид хоёрын яриад байгаа арьс ширний цогцолборын ажлыг сэрүү оро хоос өмнө түргэвчлэх арга чарга бий юу. Цогцолборын бүтээн байгуулалтын явц ямархуу яваа талаар мэдээлэл байна уу, танд?

-Би УИХ-ын хоёр, гурван гишүүнтэй хамт Дархан хотын арьс ширний паркийн үйл явцтай газар дээр нь очиж танилцсан. Хувийн хэвшлийнхэн цогцолборын ажилд идэвхтэй оролцож яваа гэж түрүүн хэлсэн дээ. Уг нь улс орны хөгжилд нөлөөтэй ийм том бүтээн байгуулалтын дэд бүтцийн асуудлыг төр засгаас бодлогоор дэмжих учиртай. Манай улс аж үйлдвэрийн паркийн хуультай.

Тэр хуулиар томоохон цогцолбор, аж үйлдвэрийн паркийг барихад төр дэд бүтцийг нь шийдэж өгөх учиртай. Ер нь аль ч улсад ийм жишиг үйлчилдэг л дээ. Гэтэл Дарханы арьс ширний цогцолборын дэд бүтцийг хувийн хэвшлийнхэн өөрсдийнхөө хүчээр бараг шийдчихэж. Цахилгаан, дулаанаа татсан байна. Цэвэр усаа татаж, цогцолборын амин сүнс болох цэвэрлэх байгууламжийн гүйцэтгэлийг нэлээд өндөр хувьтайгаар хийсэн байна лээ. Дэд бүтэц маш өндөр өртөг шаарддаг бүтээн байгуулалт.

Хувийн хэвшлийнхэн дэд бүтцэд хамаг мөнгөө зарцуулчихсан учраас үйлдвэр барих санхүүгийн асуудал нь хүндхэн байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл үйлдвэр барих мөнгө дэд бүтцэд зарцуулагдсан байдалтай байна. Засаг төрөөс тодорхой санхүүжилт тавьсан гэж сонссон. Тэр санхүүжилт нь яг шаардлагатай хөрөнгө оруулалтдаа өнөөдрийг хүртэл очоогүй байна. Монгол улсын хувьд жилийн дөрвөн улиралтай, эрс тэс цаг агаартай.

Арав, арваннэгдүгээр сар гээд барилга бүтээн байгуулалтын ажлууд зогсчихдог. Үүнээс өмнө энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол хугацаа алдах эрсдэл байгаа юм билээ. Давтан хэлэхэд манай лобби бүлгийн үндсэн үүрэг бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг буюу малын түүхий эд бараа бүтээгдэхүүнийг үнэ цэнтэй болгох. Бид энэ зорилгын хүрээндээ Монгол улсын хэмжээнд хийгдэж байгаа хамгийн том бүтээн байгуулалтыг маш богино хугацаанд хурдтай явуулах тал дээр идэвхтэй ажиллана гэж бодож байна.