2020.08.31
С.Бямбацогт: Шинэ Ховдыг цогцлоох төслүүдээ төрийн бодлогод тусгууллаа
"Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэл", "Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Ховдын ард түмнийг төлөөлж төрд дөрвөнтөө сонгогдсон гишүүний хувьд Үндсэн чиглэл, Үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг хөгжлийн бодлогын чухал баримт бичгүүдийг хэлэлцэх үеэр зарчмын зөрүүтэй саналууд гаргаж Ажлын хэсэг, байнгын хороо, улмаар Улсын Их Хурлаар дэмжүүлж, баримт бичгүүдэд тусгаад байна.
Тухайлбал,
- Агаарын бохирдлыг 50 хувь бууруулах сайжруулсан шахмал түлшний үйлдвэр Ховдод байгуулах, гэр хорооллын айлуудыг ухаалаг тоолуурт холбож цахилгааны шөнийн тарифыг тэглэх
- Ховд-Улаангом чиглэлийн 163 км хатуу хучилттай авто зам барих
- Ховд-Өлгий чиглэлийн автозамаас Ховд сум, Эрдэнэбүрэн сум хүртэлх, Алтай-Ховд чиглэлийн автозамаас Чандмань сум, Хөшөөтийн уурхай хүртэлх, Мянгад-Дөргөн чиглэлийн автозамаас Дөргөн сум хүртэлх нийт 160 км хатуу хучилттай авто зам барих
- “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийг Ховд аймагт хэрэгжүүлэх
- Ховд аймгийн Дулааны станц, дулаан дамжуулах төв, дулааны шугам сүлжээний ажлын шинэчлэл өргөтгөл, гэр хорооллын цэвэр бохир усны шугам сүлжээний шинэчлэл өргөтгөл, айл өрхийг дэд бүтцэд холбох "Хашаандаа сайхан амьдарцгаая" төсөл, хотын төвийн дэд бүтцийн ажил, шинэ суурьшлийн бүсийг эрчим хүчинд холбох, айл өрхийг ухаалаг тоолуурт шилжүүлэх, "Сумын хөгжил" хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
- ШИНЭ ХОВД-Үйлдвэрлэл технологийн парк байгуулах
- Хөдөө аж ахуй , газар тариалангийн салбарыг хөгжүүлэх Ховд агро парк байгуулах
- Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг, цахилгаан дамжуулах агаарын шугамтай нь иж бүрнээр барьж байгуулах
- Баруун бүсийн хэрэглээг хангах бага оврын газрын тосны үйлдвэр байгуулах
- Ховд нисэх буудлыг 4 С ангиллын олон улсын нисэх буудал болгон өргөтгөх
- Ховд их сургуулийг хотхон хэлбэрт үе шаттай шилжүүлж хөгжүүлэх
- Орон нутаг дахь МСҮТ, политехник коллеж, их, дээд сургуулиудыг дэмжиж, багш нарт орон нутгийн нэмэгдэл олгож, оюутныг төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах
- Алслагдсан бүсийн ААН 10 дахин бага татвар төлөх хуулийн хөнгөлөлтийг үргэлжлүүлж, орон нутагт томоохон аж ахуйн нэгж салбараа байгуулахыг санхүү, татварын бодлогоор дэмжиж, бүсийн нэмэгдэл олгох
- “Тогтвортой аялал жуулчлал-2” төсөлд Ховд аймгаа хамруулж аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх
зэрэг Ховд төдийгүй баруун бүсийн хөгжилд түлхэц үзүүлэх олон бодлогыг Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэл болон Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулаад байна.