2020.05.15
Прокурорын чиг үүргийг нарийвчлав
1992 онд батлагдсан Үндсэн хуулийн үзэл баримтлал нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Улсын Их Хурлаас 1993 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Прокурорын байгууллагын тухай хуулийг батлан гаргажээ.
Эрх зүйн тогтолцооны шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй холбоотойгоор 2002 онд Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэн баталж мөрдүүлсэн нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд энэ хугацаанд 8 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ.
Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр, Шүүх эрх мэдлийн байгууллагуудын шинэчлэл, нийгмийн харилцааны хувьсал, өөрчлөлт, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг гол хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд, Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд эрүү, зөрчлийн хууль тогтоомжид нийцүүлэн Прокурорын тухай хуулийг шинэчлэх шаардлага үүссэн юм.
Прокурорын байгууллагын үйл ажиллагаанд мөрдлөг болгох зарчмууд нь хүний эрх, эрх чөлөөг хангахад суурилсан, хэрэгжихүйц байхаар, байгууллагын тогтолцоог хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах боломжтой байхаар, түүнчлэн прокурорын зэрэг дэвийг албан тушаал, ажилласан жил, ур чадвараас хамаардаг байхаар шинээр тусгаж, туслах прокурор, туслах ажилтан, дүүргийн прокурор зэрэг зарим ойлгомжгүй нэр томъёог шинээр тусгахдаа туслах прокурор нь зөвхөн Улсын ерөнхий прокурорын газарт байхаар зохицуулалтыг тусгаж өгсөн байна.
Прокурорын чиг үүргийг нарийвчлах, бусад байгууллагуудтай харилцан уялдаатай ажиллах албан үүргээ гүйцэтгэх нөхцөлийг сайжруулах, хариуцлагын механизмыг боловсронгуй болгожээ. Ингэснээр Прокурорын байгууллагад итгэх олон нийт, иргэдийн үнэлгээ өсөх юм. Шинэчилсэн хуульд гааль, татвар, мэргэжлийн хяналт, авто тээврийн байцаагч гээд нийт 28 субъектийн үйл ажиллагааг хянадаг болгов.
Монгол Улсад жилд дунджаар 1,3 сая зөрчил бүртгэгддэг. Эдгээр зөрчлийг бүгдийг нь Прокурорын байгууллага шалгадаг. Торгуулийн хуудаснаас авхуулад зөрчил шалган шийдвэрлэх бүх төрлийн зөрчилд Прокурорын байгууллага хяналт тавьж ажиллана.
Ц.Соёлмаа