Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.06.09) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм.
Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын байгууллагын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы 05 дугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Хууль зүйн байнгын хороо энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасны зэрэгцээ чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Энхбаяр нар асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, төслийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсгийг “Гэмт хэргийг мөрдөхөд саад учруулахаар, эсхүл хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар бол уг хүнийг шилжүүлэн өгч болно.” гэж өөрчлөн найруулах, төслийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсгийн “30 хоногийн” гэснийг “1 сарын” гэж өөрчилж, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийн “Монгол Улсын Их Хурал” гэсний дараа “/цаашид “Улсын Их Хурал” гэх/ гэж нэмэхээр тогтлоо.
Ингээд Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.9 хувь нь дэмжиж баталлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслийг эцэслэн батлав.