Д.Тогтохсүрэн: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хариуцлагажуулах үүднээс тараадаг болгоно
2020.05.08

Д.Тогтохсүрэн: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хариуцлагажуулах үүднээс тараадаг болгоно

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.


-Орон нутгийн тулгамдаж буй асуудал, холбогдох хууль тогтоомжинд хамгийн тулгатай хариултыг өгөх хүн нь та. Учир нь ИТХ-ын төлөөлөгчөөс эхлээд аймгийн дарга хүртлээ орон нутагт хангалттай ажилласан улстөрч шүү дээ. Тэр ч утгаараа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг та санаачилсан. Их хуралд орж ирж буй энэ хууль орон нутагт ямар реформ, шинэчлэлийг авч ирэх вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд батлагдсан. Үүнийг дагаж нийт 40 гаруй хуулинд өөрчлөлт орох ёстой юм. Энэ хуулийн нэг суурь органик хууль нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль юм. Үндсэн хуулиа дагаж гарсан журмын тухай хууль дээр Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хууль, хот тосгоны хууль хоёрыг боловсруулсны үндсэн дээр хот тосгодын асуудлыг яаралтай шийдвэрлэх тогтоолтой.

Үүний дагуу би энэ хавар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хууль, хот тосгоны хууль хоёр дээр дөрвөн сарын хугацаанд суулаа. Засаг захиргааны хуулийг бэлэн болгоод өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан. Хот тосгоны тухай хуульд Засгийн газраас санал авахаар өгчихөөд хүлээгээд байж байна.

-Энэ хуульд олон онцлог зохицуулалтууд байгаа байх. Сүүлийн 30 жил орон нутгийнхны ярьж байгаа асуудал бол орон нутгийн эрх мэдлийг нэмэх шүү дээ. Энд хэр анхаарал тавьсан бэ?

-Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарал тавьсан. Орон нутгийнхны зүгээс эрх мэдлийг нэмж өгөөч ээ гэж нэлээд ярьдаг. Энэ хүрээнд орон нутгийн төсөв санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, боловсон хүчний эрх мэдлийг нэмэгдүүлэх, тодорхой чиг үүргийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал тавьсан. Өмнөх хуулиасаа арай өөр болсон гэж бодож байна.

Нэлээд том шинэчлэлийн асуудал тусгагдсан. Түүнчлэн нэгжүүдийн чиг үүргийг тодорхой болгосон. Нэгжийн удирдлагуудын чиг үүргийн давхацлыг арилгаж тодорхой болгосон. Тухайлбал, өмнө нь аймаг сумын даргын үүрэг ижил, нийслэл дүүргийн Засаг даргын үүрэг ижил байсан. Одоо орж ирж байгаа хуулиар Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны дарга бүгд өөр чиг үүрэгтэй болсон. Чиг үүрэг нь хамгийн ойр байгаа нэгждээ өгөхөөр тусгасан байгаа. Чиг үүргийг дагаад эрх мэдэл, хөрөнгө мөнгө явж байдаг.

-Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Засаг даргаа сонгож чадалгүй дөрвөн жилийн нүүр үзсэн. Тиймээс Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хариуцлагажуулах асуудал бий?

-Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хариуцлагажуулах чиглэлд анхаарсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг тараадаг болгосон. Баянзүрх дүүргийн иргэдийн хурал гээд бараг Засаг даргаа сонгож чадахгүй дөрвөн жил болсон. Тиймээс 50 хоногийн дотор Засаг даргаа нэр дэвшүүлж чадахгүй, анхдугаар хурлаа хийж чадахгүй бол шууд тараах зохицуулалтыг оруулсан. Иргэдийн хурлын тэргүүлэгчид гээд шийдвэр гаргадаг байгууллага байсныг байхгүй болгосон. Мөн иргэдийн хурлын төлөөлөгчдийн эргүүлэн татдаг болгож байгаа. Дүүргийн хурлаас нийслэлийн хурлыг сонгодог болгож байгаа. Иргэдийнхээ хурлыг хариуцлагажуулах, санаачилгатай ажиллах чиглэлд шинэчлэл хийгдэж чадсан гэж бодож байна.

-Орон нутагт улстөржилт газар аваад байна. Үүнд чиглэсэн ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Улстөржилтийг орон нутагт байхгүй болгох үүднээс сумын иргэдийн төлөөлөгчид нэр дэвшиж байгаа хүн улс төрийн намаас нэр дэвшихгүй болгосон. Аймаг нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дотор намын бүлэгтэй байхыг хориглосон. Бүлгээр дамжиж үйл ажиллагаа явуулахгүй гэсэн үг. Мөн бүх шатны Засаг даргыг томилох томилгоо дээр өөрчлөлт гаргахыг хичээсэн. Монгол Улс нэгдмэл улс. Засаг дарга гэдэг хүн төрийн төлөөлөгч.

Иргэдийн хурал гэдэг нутгийн төлөөлөл. Энэ хоёр тухайн нэгж би биенээ нөхөж, нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулна гэдэг асуудал нь хэрэгждэг. Энэ агуулгаар нь төрийн төлөөлөгчийн хувьд Засаг даргын томилгоонд дээд шатны засаг дарга буюу Ерөнхий сайдын оролцдог оролцоог нэмэгдүүлж өгсөн. Ингэхгүй бол хариуцлагагүй байдал их гараад байгаа учраас энэ чиглэл рүү өөрчлөлт хийгдсэн.

-Таны хувьд орон нутагт хангалттай олон жил ажиллачихсан хүн. Орон нутагт тулгамдсан асуудлыг энэ хууль шийдвэрлэж чадах уу. Зөрчилдөж байгаа асуудал байна уу?

-Одоо байгаа манай орон нутагт тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн хууль болж чадсан. Бүгдийг шийднэ гэж байхгүй. Зөрчилдөж байгаа хоёр асуудал бий. Орон нутаг аль болох эрх мэдэлтэй байхыг хичээдэг. Гэтэл Монгол Улс нэгдмэл улс. Тиймээс төрийн бодлого бүх түвшинд хэрэгжих ёстой. Энэ агуулгаар нь төрийн удирдлага, орон нутгийн удирдлага хоёр байнга хоорондоо хосолж байх зарчимтай.

Энэ зарчмынхаа дагуу явж байгаа юм. Энэ хууль батлагдаад гарсны дараа дагаж гарах нэлээн олон хуулиуд байгаа. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль гарна. Энэ хууль бол орон нутагт санаачилгатай ажиллах, идэвхтэй байх, улстөрчид байхгүй байх, бизнес хөгжих нөхцөлийн бүрдүүлэх чиглэлд анхаарсан хууль юм. Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар энэ хуулийнхаа хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Дараа дараагийн долоо хоногуудаас энэ асуудал үргэлжлээд хэлэлцээд явах байх.

-Энэ оны орон нутгийн сонгууль хэрхэн явагдахаар байна?

-УИХ Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль гэж хоёрдугаар сарын 1-нээс өмнө батлагдсан өөрийнхөө хуулиар явагдана. Энэ хууль хэрэгжиж эхлээд явж байна. Тойрог, мандатаа байгуулахаас эхлээд ажлууд хийгдээд явж байгаа. Иргэдийн хурлын сонгууль мажоритар буюу томсгосон тойрогтой системээр явна. Аймгийн иргэдийн хурлын сонгуульд гэхэд том нэг тойрог, аймгийн төвийн баг нэг тойрог байна. Сумандаа бол сумын баг нь сонгуулийн нэг тойрог болж, томсгосон тойрогтой, олон мандаттай системээр явна. Аравдугаар сарын 15-нд сонгууль явагдахаар Их хурал товлон зарласан. Нийт зарцуулах хөрөнгө, ашиглагдах техник хэрэгслийн асуудлуудыг хуулиар шийдвэрлэчихсэн байгаа.

-МАН-ын бүлгийн хувьд УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Яагаад ийм шийдвэр гаргах болов?

-Монгол Улсын өнөөдрийн нөхцөл байдалд УИХ-ын сонгуулийг хойшлуулах шаардлага байна уу, үгүй юу гэдэг асуудал байгаа юм. Өнөөдөр Монгол Улс “COVID-19” цар тахалтай тэмцэх чиглэлээр Засгийн газар үнэхээр сайн ажиллаж байгаа. Дотооддоо алдчихаагүй байна. Гадаадаас ирж байгаа иргэд дунд өвчлөлтэй иргэд бий. Тэдгээр иргэдээ эмчилээд явж байна. Өнөөдрийн дэлхийн нөхцөл байдлыг харахаар Монголд сонгуулийг хойшлуулах нөхцөл одоогоор бүрдээгүй байгаа. Ер нь бид боломж, бололцоо нь байгаа бол сонгуулийг аль болох хойшлуулж хэрэггүй.

Монгол Улсын Үндсэн хуулинд иргэдийн улс төрийн хамгийн том эрх бол сонгууль гэж заасан. Тиймээс Монгол Улс сонгуулийг хойшлуулж, урагшлуулахгүйгээр хугацаанд нь явуулж чадаг орон болох хэрэгтэй. Тэрнээс дуртай цагтаа урагшлуулж, хойшлуулдаг болчихвол сонгуулийг тодорхой хүчинд юм уу, нөхцөл байдалд тохируулж, сонгуулиа явуулдаг улс болчихож магадгүй байгаа. Сая БНСУ парламентын сонгуулиа ирц сайтай явууллаа. Өнөөдрийн хязгаарлалтын нөхцөлд сонгууль явуулахад хүндрэлтэй зүйл бий. Энэ хүндрэлүүдийг бид нар аль болох арилгаад, зохицуулаад сонгуулиа явуулчих боломжтой гэж харж байна. Гэхдээ сонгууль болтол хугацаа байна. Нөхцөл байдлыг хэлэх арга байхгүй.

-Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан билээ. Малчдын орлого болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ноолуурын килограммын суурь үнэ дээр нэг килограмм тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин бүрт олгох заалт орлоо?

-Ноолуур бол монголчуудын хувьд стратегийн ач холбогдолтой чухал бүтээгдэхүүний нэг мөн. Ялангуяа манай малчдын хувьд хавар цагийн санхүүгийн эх үүсвэрээ ноолуураас олдог. Малчид жилийн хоёр орлоготой хүмүүс. Хавар ноолуураасаа, намар махнаасаа орлого олдог ийм л ард түмэн. Гэтэл ноолуур нь үнэд хүрэхгүй учраас хүндрэл учирч байгаа. 250 мянган малчин өрхөөс гадна ноолуураар амьдардаг их олон хүн бий. Аймаг сумын нийтийн тээвэр, дэлгүүр хоршоо, ресторанаас эхлээд ноолуур үнэд орохоор худалдаа наймаа нь эргэлтэд ордог. Ингэхээр 400-500 мянган хүний амьдралтай холбоотой асуудал.

-Ч.Улаан сайд ноолуурыг 100 мянган төгрөг болгоно гэж мэдэгдэсэн нь нэлээд маргаан дагууллаа?

-Ч.Улаан сайд эхлээд ноолуурыг 100 мянган төгрөгөөс буулгахгүй гэдэг шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг гаргаж байх үед нөхцөл байдал арай өөр байсан. Өмнөх жилийн ноолуур үнэтэй байсан. “COVID-19” цар тахал ингэж хүчтэй тархаагүй байсан. Манай үндэсний үйлдвэрүүд ноолуурыг 100 мянган төгрөгөөс буулгахгүй авах боломж байна гэж ярьж байсан. Энэ мэдэгдлдийг хийсэн гуравдугаар сарын 10-дийн үеийн нөхцөл байдал одоо үеийн нөхцөл байдлаас өөр байсан. Өнөөдөр бол өөр. Англи, Франц, Итали, АНУ гэх ноолуурын зах зээлийн гол зах зээл болох улсууд ноолуурын түүхий эдийг авах аа больчихсон. Амь наана, там цаана байна шүү дээ. Тиймээс ноолуур өөрөө дэлхийн зах зээлд эрс буучихаж байгаа юм. Тэгэхээр 100 мянга гэдэг боломжгүй болчихож байна. Тиймээс УИХ, Засгийн газар дөрвөн шийдвэр гаргалаа.

Нэгдүгээрт, үндэсний үйлдвэрлэгчиддээ зориулж гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг хөгжлийн банкнаас дамжуулж шийдэж байгаа. Хоёрдугаарт, гадагшаа хилийн боомтуудаар түүхий ноолуур гаргахыг зөвшөөрч байгаа. Үнээ тогтвортой барих гээд байна шүү дээ. Гуравдугаарт, гаднаас худалдан авагч орж ирэх юм бол оруулах чиглэлд анхаарах боллоо. Дөрөвдүгээрт, ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн дэмжлэг өгье гэсэн ийм дөрвөн шийдвэрийг гаргасан. Ирэх долоо хоногоос Засгийн газраас 20 мянган төгрөгтэй холбоотой асуудлаар тусгайлсан журам гаргана. Энэ хэрэгжээд явна. Ноолуурын дундаж үнэ зах зээл дээр 50-60 мянган төгрөг байна. Энэ үнээрээ худалдаад дээрээс нь 20 мянган төгрөгийн дэмжлэгээ авчих юм бол 70-80 мянган төгрөгт ноолуураа өгчих бололцоо бүрдэж байгаа. Энэ бол бололцооны дэмжлэг. Үүнээс илүүгээр төр засаг дэмжиж чадахгүй болчихоод байгаа юм.

-Үндсэн хуульд нийцүүлж гаргах ямар ямар хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх вэ?

-Үндсэн хуульд нийцүүлж гаргах олон хууль бий. Нийтдээ 42 хууль. Энэ парламентаар таван хуулийн асуудлыг шийдвэрлэнэ. Нэгдүгээрт, Их хурлын тухай хууль. Шинэ Их хурал бүрдэхэд хууль нь бэлэн байх ёстой. Хоёрдугаарт, Их хурлын чуулганы тухай хууль. Шинэ Их хурал бүрдээд анхны хуралдаанаасаа эхлээд шинэ дэгээр явна. Тэр дэгийн хууль нь бэлэн болох ёстой. Гуравдугаарт, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл байгаа. Үүнийг хэлэлцэж батлах ёстой. Шинэ Засгийн газар бүрдэхэд Үндсэн хуулийн дагуу шинэ хуулиараа бүрдэх ёстой. Сайд нарыг УИХ биш Ерөнхий сайд томилно гээд л эхэлнэ шүү дээ. Дөрөвдүгээрт, Аудитын тухай хууль, тавдугаарт хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль орж ирнэ. Энэ таван хуулийг л энэ хаврын чуулганаар хэлэлцэж, батлаад дуусах бодолтой байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг амжвал хэлэлцэж дуусгана. Ийм л төлөвлөгөөтэй байна.

-Тавдугаар сарын 25-нд Үндсэн хууль хэрэгжээд эхлэхээр Засгийн газар тарна, тарахгүй гээд л олон янзын тайлбарыг хүмүүс хэлж байна. Үүнд тодорхой хариулт өгөхгүй юү?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа түүнийг дагаж гарах журмын тухай хууль гэж баталсан. Энэ хууль яг үндсэн хуультайгаа адилхан 57 гишүүний дэмжлэгтэйгээр батлагдсан хууль. Энд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт орсон асуудлаар одоогийн мөрдөж байгаа хуулиудыг шинэчлэн баталж, хуультай нийцүүлж явна гэсэн үг. Тиймээс Засгийн газрын тухай хууль дээр хугацааг нь тавиад явахад болно.

-Өвөрхангай аймагт нөхцөл байдал хэр байгаа вэ?

-Энэ жил Өвөрхангай аймагт өвөлжилт гайгүй байсан. Хаваржилт бол хүнд байна. Өнгөрсөн жил ургац муу гарсан. Малчид олон аймаг суманд өвөлжиж, хаваржиж байгаа. Өнөөдрийн байдлаар гадны аймаг сумын нутагт Өвөрхангай аймгийн 1500 орчим өрх өвөлжөөд, хаваржаад байж байна. Ер нь Өвөрхангайн нутагт өвс муутай, шороотой нөхцөл байдал хүндрэлтэй байна.