Д.Тогтохсүрэн: Сонгуулийн зардалд нэмэгдэх дөрвөн тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана
2020.05.04

Д.Тогтохсүрэн: Сонгуулийн зардалд нэмэгдэх дөрвөн тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн бүлгийн хурлаар Алсын хараа 20,50 хөтөлбөрийг хэлэлцсэн байна. Энэ долоо хоногт хэлэлцэн батлах шийдвэр гаргажээ. УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Сонгуулиас өмнө Алсын хороо 20,50 бодлогын баримт бичгийг батлах зүйтэй гэж үзсэн. УИХ-аас С.Бямбацогт гишүүнээр ахлуулсан ажлыг хэсгийг байгуулсан. Үндсэн хуулийн дараа орох том баримт бичгийг энэ парламент хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэдэг дээр санал нэгдсэн.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Засгийн газраас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох Алсын хараа 20,50 өргөн мэдүүлсэн. Хамгийн том бодлогын бичиг баримтын хэлэлцүүлгийг УИХ энэ долоо хоногт хийх гэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж ажилласан. Ажлын хэсэг гурван удаа хуралдаж УИХ-д тодорхой санал хүргүүлж байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчийн асуултад хариуллаа.

-МАН нэр дэвшигчдээ хэзээ тодруулах вэ?

-Сонгуулийн хуулиар нэр дэвшилт энэ сарын 10-16-ны хооронд явна. Манай намын Бага хурал 15-16-ны хооронд хуралдаж нэр дэвшигчээ эцэслэн шийдвэрлэнэ. МАН-д хагарал гэж байхгүй. Сонгуулийн өмнө ямар ч асуудалгүй эв нэгдэлтэй байгаа. Манайх нэр дэвшүүлэхдээ баримтлах хэдэн зарчим бий гэж манай намын дарга хэлсэн. Энэ зарчмын дагуу нэр дэвшигчдээ тодруулж байгаа.

-Нөхцөл байдалтай уяалдуулаад сонгуулийн зардал өсч байгаа. Санхүүжилтийг хаанаас гаргах вэ?

-Энэ жилийн сонгууль нөхцөл байдлын хувьд хүндэрч магадгүй байгаа. Коронавирусийн цар тахал хэвийн хэмжээндээ байвал сонгуулийн сурталчилгаанд нөлөөлөх зүйлүүд байгаа. Коронавирусийн эсрэг хуулийг УИХ баталсан. Энэ хуульд тодорхой хязгаарлалт хийж өгсөн. Засгийн газар, СЕХ энэ чиглэлээр ажиллаж байгаа. Өнөөдрийн нөхцөлд сонгууль явуулбал сурталчилгаа хэрхэн явуулах, хязгаарлалтын дэглэм хэрхэн явуулах, хүн амыг сонгуульд ороход хязгаарлалтын дэглэм хэрхэн барих талаар СЕХ санал боловсруулсан байналээ. Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулсан. Үүнийг Засгийн газарт танилцуулсан. Коронавирустэй холбоотой нэмэгдэж байгаа зардлыг Засгийн газар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Сурталчилгаа хэрхэн явуулах вэ гэдэг нарийн зүйлүүд бий. Энэ чиглэлээр УОК тодорхой шийдвэр гаргана.

-Сонгуулийн зардал хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ?

-СЕХ дөрвөн тэрбум гэж зарлаж өгсөн байналээ. Үүнийг Засгийн газраас гаргаад явах боломжтой гэж үзэж байгаа.