2020.05.07

М.Оюунчимэг: МАН залууст боломж олгож байна гэж харж байгаа ч нөгөө талаас болгоомжилж байна

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн  (2020.05.07) нэгдсэн цахим хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг чөлөөлж, томилох тухай асуудлыг тус банкны ерөнхийлөгч Лхагвасүрэн танилцууллаа.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг өөр ажилд шилжсэн тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Түүний оронд Г.Дөлгөөнийг томилох саналыг Монголбанкнаас өргөн мэдүүлсэн байна. 

Г.Дөлгөөн нь 1988 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд олон улсын эдийн засагч мэргэжилтэй, Люкснбургт банк санхүүгийн чиглэлээр магистрын зэрэг хүртсэн. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Монгол улсын төв банк бие даасан хамгийн хариуцлагтай онцгой оббект. Тиймээс туршлагатай, хариуцлагтай, чадварлаг хүмүүс ажиллаж ирсэн. Энэ удаа хоёр залуу хүн орж ирж байна. МАН залууст боломж олгож байна гэж харж байгаа ч нөгөө талаас гайхсан болгоомжилсон үүднээс харж байна. 

Монголбанкны ерөнхийлөгч энэ хоёр залуутай гар нийлэн баг болж ажиллах чухал шүү. Монгол банкинд ажиллаж байгаа хүмүүс тэр дундаа өндөр албан тушаалтнууд банк бус санхүүгийн байууллага эрхэлдэг асуудал нийтэд ил болсон. АТГ-аас хориглосон. Энэ хоёр нэр дэвшигч  ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх талаар хэрхэн ажиллах вэ? Ажлын төлөвлөгөөг сонсмоор байна. 

Нэр дэвшигч Г.Дөлгөөн: Би ажлын гараагаа Төвбанкнаас эхэлсэн. Хөгжлийн банк, Төрийн банкинд олон жил ажилласан учраас хувийн байгууллагатай холбоотой зүйл байхгүй. ББСБ эзэмшдэггүй, холбоогүй. Төв банкны тухай хуулийг ягштал баримталж ажиллана. Гол төвлөрч ажиллах зүйл маань хуулийн зохицуулалт дээр санал дүгнэлтээ оруулж ирнэ.