2020.05.07

Х.Нямбаатар: Төрийн банкыг удирдах явцдаа ямар ашигтай үр дүнтэй ажиллуулсан бэ?

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн  (2020.05.07) нэгдсэн цахим хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг чөлөөлж, томилох тухай асуудлыг тус банкны ерөнхийлөгч Лхагвасүрэн танилцууллаа.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг өөр ажилд шилжсэн тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Түүний оронд Г.Дөлгөөнийг томилох саналыг Монголбанкнаас өргөн мэдүүлсэн байна. 

Г.Дөлгөөн нь 1988 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд олон улсын эдийн засагч мэргэжилтэй, Люкснбургт банк санхүүгийн чиглэлээр магистрын зэрэг хүртсэн. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Аливаа ажилд өмнө нь амжилт гаргаж байж дээшээ дэвшдэг. Төрийн банкинд ажиллаж байхдаа Алтжин групптэй холбоотой том маргаанийг яаж шийдүүлсэн бэ. Мөн банкирын хувьд Төрийн банкыг удирдах явцдаа ямар ашигтай үр дүнтэй ажиллуулсан бэ. Зээлийн хүүг бууруулах чиглэлээр яг ямар ажил хийх вэ?  Бид яаж зээлийн хүүг бууруулж бизнес эрхлэх боломжоор хангах вэ.

Түүний асуултад нэр дэвшигч Г.Дөлгөөн: Төрийн банктай холбоотой шүүхийн шатанд яваа хэд хэдэн асуудал бий. Алтжин компанийн асуудал 2013 онд Дээд шүүхийн шийдвэрээр тухайн үеийн Хадгаламж банк чадамжгүй бол Жаст групп төлнө гэсэн шийдвэр гарсан. Миний бие 2018 оны нэгдүгээр сард ажлаа хүлээн авсан. Баланс хүлээн авах үед хасах 20 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байсан. Чанаргүй зээлийг бууруулах, бизнесийн ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж 21 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Зээлийн хүүг бууруулах тал дээр эх үүсвэрийн зардлыг бууруулах тал дээр эрчимтэй ажиллах ёстой. Саарал жагсаалтаас гарч бага зардалтай эх үүсвэрийг татах нь чухал.