2020.05.05

Ц.Мөнх-Оргил: Сургуулийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний үндэсний тогтолцоог хөгжүүлэх заалт оруулмаар байна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2020.05.05/ хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж, ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасан.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

Тогтоолын төслийн хавсралт дахь Боловсролын зорилт гэсэн хэсэгт “Сургуулийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний үндэсний тогтолцоог хөгжүүлнэ. Бүх сурагч үдийн хоолны үйлчилгээнд хамрагдаж, сургууль бүр стандартын шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмж, хүний нөөцтэй байна” гэж нэмэх саналын томьёолол гаргаж байна.

“УИХ 2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсан. Энэ хууль 2020 оны 09 дүгээр сарын нэгнээс хүчин төгөлдөр болно. Хуулийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 800 гаруй сургууль ээлж дараатайгаар өөрийн гал тогоотой болж, бүх сурагчид үдийн цай бус өдрийн хоол хөтөлбөрт хамрагдах болж байгаа. 

Ингэснээр нийтийн эрүүл мэндийг хамгаалж, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэн, хойч ирээдүй болсон хүүхдүүд эрүүл, зөв хооллодог болж, 5-10 жилийн дотор нийгмийн амьдралд том эргэлт гарч, эрүүл мэндийн салбарын ачаалал буурах юм.

Тиймээс Монгол Улсын хөгжлийн ирэх 30 жилийн хөгжлийг тодорхойлох энэ бодлогын баримт бичигт энэ заалтыг тусгайлан оруулах саналтай байна.