МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн IV хуралдаан цахимаар боллоо
МҮЭ-ийн холбооны дүрмийн дагуу жил бүр Ерөнхий зөвлөлийн хурал нэг буюу түүнээс дээш хуралддаг уламжлалтай.
Дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд орсон учир МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн 4 дүгээр хуралдаанаа өнөөдөр /2020.04.24/ цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Энэ удаагийн хурлаар 2019 онд иргэд хөдөлмөрчид, гишүүдийнхээ хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг танилцуулах, цар тахлын үед УИХ-аас авч хэрэгжүүлэх 10 арга хэмжээнд Үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагууд хэрхэн оролцох тухай мэдээлэл, өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсвийн төслийг тус бүр авч хэлэлцжээ.
Салбарын 14, аймаг, нийслэлийн 22 Үйлдвэрчний эвлэлийн холбоо, 2300 гаруй анхан шатны хороодыг төлөөлсөн 50 гаруй хүн энэхүү хуралд оролцсон байна.
Өнөөдрийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлыг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар танилцууллаа.
-Хөдөлмөр, нийгмийн чиглэлээр тодорхой ажлыг эрчимжүүлэх шаардлага тавигдаж байна. Нийгмийн түншүүдтэйгээ хамтарч үнийн өсөлтөөс иргэдийн бодит цалин орлогыг хадгалах, хамгаалах чиглэлийг гаргалаа. Ажлын байрыг нэмэгдүүлэх боломж бололцоо ялангуяа орон нутаг, зарим салбарт байгаа гэдгийг гишүүн байгууллагууд хэлж байна. Иймд ажлын байрыг аль болох хамгаалах, хадгалах чиглэлээр бүх гишүүн байгууллагууд ажиллана.
Үнийн хөөрөгдлөөс иргэдийн орлогыг хамгаалах чиглэлээр Шударга өрсөлдөөн, мэргэжлийн хяналтын болон төр захиргааны байгууллагуудтай хамтрах асуудал тусгагдлаа.
МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуульд саналаа өгч ажилладаг. Иргэдэд ээлтэй, зөв зүйтэй хууль батлуулахад Үйлдвэрчний эвлэлүүд шахалт, шаардлагаа өндөржүүлнэ.
УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, бие даагчдад “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичиг хүргүүлсэн. Энэ дагуу улс төрийн нам хүчнүүдтэй хийж байгаа уулзалт үргэлжилнэ. Манай гишүүн байгууллагуудын оролцоо маш чухал гэдэг шийдвэр энэ хурлаас гарлаа.