С.Эрдэнэ: Эх орондоо ирэх хүсэлтэй гадаадад байгаа иргэдэд сар бүр $500 олгох санал гаргав
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ
"Өнөөдөр улс оронд үүсээд байгаа цар тахлыг хязгаарлах, үр дүнтэй төрийн бодлогыг боловсруулах шаардлага байгаа.
Зөвхөн цар тахалтай холбоотой төдийгүй, нийгэм, эдийн засгийн хүндрэлийн Засгийн газраас авах арга хэмжээ чухал болоод байна. Тиймээс АН-аас УИХ-д байгаа гишүүд хамтран цар тахалтай холбоотой дөрөв дэх санал, тогтоолын төслөө УИХ, Засгийн газарт хүргүүлэх байна. Гэвч эрх баригчид үл тоомсорлосон байдалтай байгаа" гэв.
АН-ын зүгээс энэ удаад гадаад улсад байгаа монгол иргэдийн эрхийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан, өргөн барих гэж байгаа юм байна. Уг тогтоолын төсөлд эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн тэр дундаа хүндэтгэн үзэх шалтгаантай 50 орчим иргэнд сар бүр 500 ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг тусгажээ.
-Гадаадад байгаа монгол иргэдэд ойролцоогоор хагас жилийн хугацаанд 417 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардагдах юм байна. Энэ төсвийн хаанаас гаргах боломжтой гэж харж байна вэ?
-Энэ оны төсөвт 3.1 их наядын хөрөнгө оруулалтын төсөв байгаа. Үүнийг цар тахлыг даван туулахад зарцуулах бүрэн боломжтой. Эх үүсвэр хангалттай байгаа.
Гадаад улсад хүнд нөхцөл байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төсөл
1. Короновирус цар тахлын улмаас гадаад улсад хөл хорио болон олон улсын нислэг түр зогсоосонтой холбогдуулан хүнд нөхцөлд орсон Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах үүднээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:
- Эх орондоо ирэх хүсэлт гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол улсын иргэн бүрд байр хоолны наад захын хэрэглээг хангахад зориулж 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн агаарын хил нээгдэж эх орондоо ирэх боломж нээгдэх хүртэл сар бүр 500 ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх,
- Монгол Улсын иргэний эрхийг хамгаалах түр журам боловсруулж хэрэгжүүлэх,
- Монгол Улсаас гадаад улсад суугаа элчин сайд, консулын газрыг тухайн улсад хүнд нөхцөлд байгаа өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, өндөр настай, хүүхэд, оюутнууд, санхүүгийн бэрхшээлд орсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол Улсын иргэнийг бүртгэх ажлыг зохион байгуулах,
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Х.Нямбаатар/, энэ тогтоолын хэрэгжилтийн талаар Улсын Их хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/ нарт тус тус даалгасугай.