2020.04.23

О.Баасанхүү: Залуусыг цэргийн албанд явахыг мөрөөддөг болгомоор байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.23\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Зүүнбаянд төмөр зам тавьж байгаа цэргүүд хэдэн төгрөгийн цалин авдаг вэ. Бүтээн байгуулалтад оролцоод хуримтлал үүсгэх боломж бий юу. 2-3 жил бүтээн байгуулалтын ажилд оролцож, алба хаагаад 40-60 сая төгрөгийн хуримтлалтай буугаасай гэж хүсэж байна.

Бүтээн байгуулалтад оролцоод хугацаагаа сунгах боломж байна уу. Хүсвэл 2 болон 3 жилээр хаах боломж байна уу. Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлэд аль улсаас туршлага судалж байна вэ. 

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Н. Энхболд хариуллаа.

Хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ хэдэн зүйлийг анхаараасай гэж хүсэж байна. Цэрэгт ямар айлын хүүхдүүд явж байна вэ гэхээр нөхөн төлбөр төлөөд үлдэх боломжгүй айлын хүүхдүүд явж байна. Тэгэхээр одоо цэргийн албанд хүсэж явдаг мөрөөддөг болгомоор байна. Анх Солонгос явж ажил хийж байхаар цэргийн албанд яваад тийм хэмжээний цалин авдаг болно гэж ярьж байсан. Гэтэл одоо анзаараад байхад тийм биш байна.

Тэгэхээр цэргийн алба хаагаад бүтээн байгуулалтад оролцоод ядаж моргейжийн зээлийн урьдчилгаа болох хэмжээний цалин өгөх хэрэгтэй байна. Хуульчлахгүй Засгийн газрын шийдвэр, сайд нарын тушаал, Ерөнхийлөгчийн чиглэл байхаар болохгүй байна. Нэн яаралтай хууль зүйн гарцуудыг батлуулах хэрэгтэй.