2020.04.02

Хаваржилт хүндэрсэн сумдад өвс, тэжээлийн туслалцаа нэн шаардлагатай байна

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Улсын онцгой комиссийн гишүүний хувиар хаваржилт хүндэрсэн сумдад ажиллаж, малчдын хотоор орж нөхцөл байдалтай танилцлаа.

Тэрээр, "Малчид хүнд нөхцөл байдалд хаваржиж байна. Ихэнх өрхүүдийн нийт малын 50-иас дээш хувийн хорогдолтой байна. Энэ бол гамшгийн түвшинд тооцогдох зуд нүүрлэж буй хэрэг юм." гэлээ. 

Улсын онцгой комиссоос өмнө нь хаваржилт хүндэрсэн сумдад хүргүүлсэн 300тн тэжээл, 150тн өвс малчдын гар дээр очсон ч ийм хүнд нөхцөлд хурдан дууссан тухай малчид хэлж байлаа. Тиймээс Ц.Даваасүрэн гишүүн Улсын онцгой комисс болон ОБЕГ-т дахин хандаж өвс тэжээлийн дэмжлэг туслалцаа яаралтай үзүүлэхийг хүслээ.

Жишээлбэл Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Рашаант, Төмөрбулаг зэрэг сумдын 50-иас дээш хувийн малын хорогдолтой малчин өрхүүдэд нэн яаралтай өвч тэжээлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх шаардлагатай байна.

Тухайн орон нутагт малын хорогдол удаан үргэлжилбэл малчид амьжиргааны эх үүсвэргүй болоход хүрч, хот суурин газар бараадаж болзошгүй байгаа тухай Ц.Даваасүрэн гишүүн Монгол Улсын Шадар сайдад хандсан хүсэлтэндээ дурьджээ.