Зургаан аймгийн 35 суманд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна
Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, өвөлжилт, хаваржилтын байдлын талаар хэлэлцэв. Хуралдаанаар Улсын Онцгой комиссын даргын тушаалын дагуу орон нутагт ажилласан Шуурхай бүлгийн дүгнэлт, эрсдэлийн үнэлгээ хийсэнтэй танилцав.
Нийт нутгийн 55 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байна
2019-2020 оны өвөл, хаврын цаг агаарын төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин мэдээлэл хийв. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 55 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байна. 11 дүгээр сарын 20-ны байдлаар Увс аймгийн Баруунтуруун, Завханы Нөмрөг, Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Тэлмэн, Цагаанчулуут, Тэс, Эрдэнэхайрхан, Хөвсгөл аймгийн Жаргалант, Чандмань-Өндөр, Их-Уул, Шинэ-Идэр, Булганы Баян-Агт, Бугат, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хэнтий аймгийн Биндэр, Батширээт, Баян-Овоо, Баян-Адрага, Норовлин, Гурванбаян, Өмнөдэлгэр, Дадал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 11-20 см цас тогтжээ.
Хэнтийн ихэнх, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн зарим сумын нутагт 6-10 см, Төв, Сүхбаатар аймгийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Дорноговийн зарим сум 1-5 см цастай байна.
Ирэх сард Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун талын сумдын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, төвийн нутгийн өмнөд, говийн бүсийн нутгаар бага зэргийн дулаан, бусад нутгаар олон жилийн дундаж орчим, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дундаж орчим байх төлөв гарчээ. 2020 оны нэгдүгээр сард Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун талын сумдын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь, Дундговийн зүүн, Дорнодын өмнөд хэсгээр бага зэрэг дулаан байна гэсэн урьдчилсан мэдээ гарсан байна.
3.2 сая мал отор нүүдэл хийж байна
2019-2020 оны өвөл, хавар 22 мянга гаруй өрхийн 10 сая гаруй мал отроор, 57.5 сая мал суурин өвөлжөө, хаваржаандаа байх тооцоо гарчээ. Өнөөдрийн байдлаар Архангай, Булган, Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн 3.2 сая мал Архангай, Булган, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Төв аймагт отор нүүдэл хийж байна. Зуншлага муу, гантай байсан аймгуудын малыг улсын тусгай хэрэгцээний аймаг дундын Чилэн, Хөх дэл, Малах, Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт оруулж байгаа талаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле мэдээлэв.
2019-2020 онд аймаг дундын отрын есөн бүс нутагт 11 аймаг, Улаанбаатар хотоос 600 орчим мянган толгой малыг өвөлжүүлж, хаваржуулахаар шийдвэрлэжээ. Малчид өвс, тэжээл, сүрэл, дарш, давс, хужрынхаа 90 гаруй хувийг бэлтгэсэн дүнтэй байна. Аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 70 хувьтай байгааг дэд сайд Ж.Сауле танилцууллаа.
Зургаан аймгийн 35 суманд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна
Шадар сайдын гаргасан тушаалын дагуу Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан Шуурхай бүлэг орон нутагт ажилласан талаар мэдээллээ.
Шуурхай бүлэг Булган аймгийн Рашаант суманд Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хурал хийж Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгийн Засаг дарга, дээрх аймгуудын 30 сумын Засаг даргыг оролцуулжээ. Тухайн аймаг, сумдад отор нүүдэл хийж буй малыг хөөж туухгүй байх, малчдаас малын хөлийн татвар, хураамж авахгүй байх, малчдын өөрсдийнх нь үүрэг, хариуцлагыг чангатгаж, отроор өвөлжих малчин нэг бүртэй гэрээ байгуулах, малчид, иргэдэд төрийн үйлчилгээг саадгүй хүргэх үүрэг, даалгавар өгсөн байна. Шуурхай бүлэг гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж6 аймгийн 35 суманд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна гэв. Үүнд:
- Архангай аймгийн Өгийнуур, Хотонт,
- Дундговь аймгийн Адаацаг, Баянжаргалан, Луус, Өлзийт, Өндөршил, Хулд, Цагаандэлгэр,
- Завхан аймгийн Баянтэс, Тэс, Түдэвтэй,
- Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Бат-Өлзий, Баянгол, Баян-Өндөр, Богд, Бүрд, Гучин-Ус, Хайрхандулаан, Нарийнтээл, Өлзийт, Сант, Тарагт, Төгрөг, Есөнзүйл, Зүүнбаян-Улаан,
- Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Тариалан сум,
- Төв аймгийн Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан, Өндөрширээт, Эрдэнэсант суманд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй гэж үзжээ.
Мэдээллийг сонссоны дараа Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин хэд хэдэн үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал отрын малчдаас татвар, хураамж авахгүй байх, өвөлжилт хүндэрч болзошгүй зарим аймаг дахь хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, малчид, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, отрын штаб байгуулах, малчдыг хашаа, саравчиндаа хаалт хийх, малаа ойр хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэргээс сэргийлж ажиллахыг даалгав.
Цаашид улсын тусгай хэрэгцээнд шинээр отрын бүс бий болгох талаар судалж Засгийн газарт танилцуулах, үлийн цагаан оготно зэрэг бэлчээрийн хортон мэрэгч амьтдын устгалыг гурав, дөрөвдүгээр сард чанартай хийх, отор нүүдэл эрс нэмэгдэж байгаа аймгуудад өвс, тэжээл, шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах асуудлыг яаралтай шийдэх, өвөлжилт хүндэрсэн зарим аймгийн Эрүүл мэндийн төвд шуурхай албаны автомашин өгөх, эм, эмнэлгийн хэрэгслээр хангах зэргийг үүрэг болгов.
Мөн “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн нүүрсний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор галт тэргээр тээвэрлэж байгаа нүүрсийг Хонхор өртөөнд буулгах, нүүрсний нөөцийг нь бүрдүүлж, найдвартай ажиллагааг нь хангахыг даалгав.
өн хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд онцгой анхаарч, зорчигчдын аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдал хангасан жолооч ажиллуулахыг үүрэг болгосон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.