С.Бямбацогтоос "Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар" тавьсан асуулгын хариу
УИХ-ын гүшүүн С.Бямбацогтын 2019 оны 10-р сарын 08-ны 22 тоот албан бичгээр ирүүлсэн асуулгын хариуг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хүрүүлсэн байна.
Сүүлийн үед мах, махан бүтээгдэхүүний үнэ, нийлүүлэлтийн асуудал олон нийтийн дунд багагүй бухимдал төрүүлж байна. БНХАУ-ын иргэд, аж ахуйн нэгжүүд хямд үнээр их хэмжээний мах худалдан авч нөөцөлж буй нь эргээд махны зохиомол хомсдол үүсгэн, үнийн хөөрөгдөл бий болгож, дотоодын махны үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлж буй талаар иргэд шүүмжилсээр байна. Тиймээс малчид болон хот суурин газрын иргэдийн аль алины эрх ашгийг хохироохгүй байх, махны экспорт, худалдаа, нөөцлөлтийн талаар Засгийн газраас ямар зохицуулалт хийж буй талаар:
Хариулт: Монгол Улсын Засгийн газар 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 285 дугаар тогтоолыг гарган аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд тогтоолын биелэлтийг ханган ажиллаж байна. Мөн энэ жилийн мал, мах бэлтгэл, дотоодын нөөц бүрдүүлэх талаар зөвлөмж боловсруулан хүргүүллээ.
Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7, 6.8 дахь хэсэгт заасны дагуу “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журам”-ыг шинэчлэн боловсруулж Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 329 дүгээр тогтоолоор батлууллаа. Журамд дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүнийг стратегийн хүнсэнд оруулж тооцох, мах экспортлох зөвшөөрөлд заасан тоо хэмжээний 10 хүртэл хувийг дотоодын зах зээлд нийлүүлэх, тухайн жилийн мал төллөх болон ургац хураах үед стратегийн хүнсийг экспортлохгүй байх, стратегийн хүнсийг экспортлох, импортлох Нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэх зэрэг зохицуулалтыг тусган хэрэгжилтийг ханган ажиллаж байна