Л.Оюун-Эрдэнэ: Сонгуулийн мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт биш
2020.03.24

Л.Оюун-Эрдэнэ: Сонгуулийн мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт биш

Үндэсний шуудан С.Батзаяа

МАН V Бага хурлаа өчигдөр цахимаар хийлээ. Хуралдаанаар 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж, баталсан юм. Мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн ахлагч, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа. 

-УИХ-ын ээлжит сонгуульд танай нам ямар бодлого баримтлахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан бэ?

-Сонгуулийн мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт биш. Харамсалтай нь, намууд өнөөдрийг хүртэл ач холбогдол өгч байгаагүй. Зөвхөн нэр дэвшигч болон сонгуулийн кампанит ажилд ач холбогдол өгөөд, хэрэгждэггүй мөрийн хөтөлбөртэй Засгийн газрууд явж ирсэн нь өнгөрсөн 30 жилийн сургамж. Үүнийг таслан зогсоохын тулд өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Алсын хараа-2050” урт хугацааны хөтөлбөрийг боловсруулсан. Энэ төслийг улс төрийн бүх намд хүргэсэн. Тэгэхээр энэ удаагийн мөрийн хөтөлбөрүүд тооцоо судалгаанд үндэслэсэн байх болов уу гэж найдаж байна.

-Тухайлбал, танай нам энэ чиглэлийг баримталж мөрийн хөтөлбөрөө боловсруулж чадсан уу?

-Ирэх дөрвөн жилд хоёр үндсэн нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай болж байгаа. Нэгд: коронавирус дэлхийн эдийн засагт хурдацтай нөлөөлж байна. Үндсэндээ унаад босох хэмжээний цикл гэж тооцоолж байсан ч уналт урт хугацаанд үргэлжлэхээр болчихлоо. Хамгийн түрүүнд аялал жуулчлал, агаарын тээврийн салбар, жижиг, дунд үйлдвэрлэгчид уналтад өртөх нь тодорхой болж байна. Үүнийг харгалзан үзэх шаардлагатай болсон.

Хоёрт: манай улс маш их хэмжээний гадаад өртэй байгаа. 2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийхээр байна. Тиймээс мөрийн хөтөлбөр популист амлалтаас зайлсхийсэн, өрийн дарамтаас гарах чиглэлтэй байх ёстой. 

-Популист амлалтаас намууд татгалзах хэрэгтэй гэлээ. Танай намын мөрийн хөтөлбөрт хэрэгжих боломжгүй заалтууд байгаа юм биш үү?

-МАН-ын энэ удаагийн мөрийн хөтөлбөр дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэнэ. Энэ хүрээнд банкны зээлийн хүүг бууруулах реформ, орон сууцжуулах хөтөлбөр багтсан. Орон сууц олноор барьж байгаа ч үнэ нь зорилтот бүлэг худалдан авах боломжтой түвшинд очихгүй байна. Тийм учраас Сингапурын хуримтлалын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгасан. Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүр орон сууцанд орох, түүнд нь төр оролцохоор байна. Тодруулбал, 50 ам.метр байрыг залуу гэр бүл болон гэр хорооллоос орон сууцанд орох тохиолдолд цемент, арматурыг тэглээд, Төрийн орон сууцны корпорацыг оролцуулаад, зах зээлийн үнэлгээг бууруулах том хөтөлбөр багтсан. Үүнээс гадна эрүүл мэнд, боловсролын асуудал анхаарал татсан хоёр чухал багана гэж ойлгож болно. Эрүүл мэндийн салбарт оношилгоог нэгдсэн стандартад оруулах том зорилт дэвшүүлж байгаа. Тодруулбал, иргэн жилд нэг удаа заавал оношилгоо хийлгэнэ.

-Боловсролын хувьд?

-Тогтолцооны реформ хийнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тулгуурлан өөрчлөлт хийх 52 хууль байгаа. Тэдгээрийн дотор улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, мөрийн хөтөлбөрийг урт хугацаагаар төлөвлөх, төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах үндсэн зорилт тавьсан. Төвлөрлийг сааруулах том цогц бодлого орж байгаа.

-Төрийн үйлчилгээг цахим болгох асуудал өмнөх сонгуулийн мөрийн хөтөлбөрт байсан. Энэ удаагийнхад ч байна. Өмнө нь хэрэгжээгүй гэсэн үг үү?

-Бид “юуг” гэдгээ яриад, “яаж” гэдгээ орхичихдог байсан. Тийм учраас энэ удаагийн мөрийн хөтөлбөрт “яаж” гэдэг нь тодорхой тусаад явж байна. Бид Эстони Улсын загвараар хийнэ гэдгээ зарласан. Гар утасны аппликейшнд төрийн 13 мянган төрлийн үйлчилгээг багтаана. Хорооны Засаг даргын тодорхойлолтоос авахуулаад компани байгуулах гэрчилгээ хүртэл авах нөхцөл бүрдэнэ. Үүнд банк, санхүүгийн байгууллага болон хувийн хэвшлийг нэгдсэн байдлаар уяна. Одоогийн байдлаар бид урьдчилсан үнэлгээ хийгээд явж байгаа.

-Төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажил хийхээр мөрийн хөтөлбөрт тусгав?

-Орлогыг нэмэгдүүлэхийн тулд мега төслүүдтэй холбоотой зорилтууд мөрийн хөтөлбөрт орсон. Төмөр замын төслүүдийг хэрэгжүүлнэ. Нүүрс болон зэсээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож экспортолно. Мөн Энэтхэг рүү нүүрс экспортолж, хоёр гарцтай болох зорилтыг багтаасан. Уул уурхайгаас гадна эдийн засгийн таван салбарыг дэмжинэ.