Шалган нэвтрүүлэх товчоодод асуумжийн аргаар тандалт хийнэ
2020.03.02

Шалган нэвтрүүлэх товчоодод асуумжийн аргаар тандалт хийнэ

Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод маргаашнаас Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын мэргэжилтнүүд 24 цагаар ажиллаж иргэдээс цахимаар асуумж авна.

“COVID-19” халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай (ОУШХБ) хамтран хотоос гарч, орж буй хөдөлгөөнд асуумжийн аргаар судалгаа хийжээ.

Өнгөрсөн сарын 27-29-нд хот руу орж, гарч байгаа хөдөлгөөнд DTM асуумжийн аргаар судалгааг хийж, нийт 25217 тээврийн хэрэгслийг хамруулсан байна. Үүнээс Улаанбаатар хот руу 7760 тээврийн хэрэгсэл нэвтэрч, 3269 тээврийн хэрэгсэл хотоос гарсан, хот дотор 18 188 тээврийн хэрэгсэл зорчиж байгаа мэдээлэл бүртгэгджээ.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, “Асуумжийн аргаар хийсэн судалгааг ажиглахад зорчиж байгаа хөдөлгөөний 60 хувийг эрэгтэй, 28 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Дүүргүүдийн хувьд Хан-Уул дүүрэгт орж гарч байгаа хөдөлгөөн хамгийн их байгаа нь тогтоогдсон.  Маргаашнаас хот хоорондын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Шалган нэвтрүүлэх товчоодод үргэлжлүүлэн судалгаа хийнэ” хэмээв.

ОУШХБ-ын Монгол дахь салбарын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко, “Дэлхийн 80 гаруй оронд туршсан энэхүү судалгааны аргыг Монгол Улсад хэрэглэж байна. Уг судалгааг хамгийн сүүлд 2019 онд Өмнөд Судан улсад эбола вирусний үед ашиглаж байсан. Тухайн үед маш сайн үр дүн өгч байлаа. Шинэ төрлийн халдвар илэрсэн тохиолдолд халдвар тээгчийн харилцсан иргэдийг түргэн шуурхай илрүүлэх зорилготой энэхүү асуумжийн судалгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажилд чухал үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ард иргэд та бүхэн бидний үйл ажиллагааг дэмжиж, үнэн зөв мэдээллээ өгөх хэрэгтэй. Энэ бүх ажил бол иргэдийн эрүүл мэндийг  хамгаалахын төлөө хийж буй зүйл юм шүү” гэлээ.

Энэ үеэр иргэдийг үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэйг албаныхан сануулав. Ингэснээр өөрийн болон бусдын эрүүл мэндийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх болно гэдгийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онцолсон юм.