​Б.Энх-Амгалан: Дарханы замыг гуравдугаар сард эхлүүлээд зургадугаар сард ашиглалтад оруулна
2020.01.06

​Б.Энх-Амгалан: Дарханы замыг гуравдугаар сард эхлүүлээд зургадугаар сард ашиглалтад оруулна

Itoim.mn Сэтгүүлч Л.Одончимэг

Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Дарханы замтай холбоотойгоор авлига, хээл хахуулийн хэрэг гарлаа. Ер нь "энэ замыг барьж байгаа компаниудаас Зам тээврийн яамны албан тушаалтнууд авлига авсан. Тиймээс шаардлага тавьж хугацаанд нь ашиглалтад оруулж чадаагүй" гэсэн мэдээлэл гараад удаж байгаа. Энэ яриа үнэн юм биш үү?

-Шаардлага хангалттай тавьж байгаа. Би зөвхөн сайдын хувьд газар дээр нь найман удаа очиж ажилласан. Дэд сайд, Төрийн нарийн, газрын дарга, мэргэжилтнүүд бүгд ажилласан. Дээр нь Энэтхэгийн компани болон төслийн нэгжийн баг буюу Азийн хөгжлийн банкнаас гарсан баг хяналт тавьдаг. Хяналтын инженерүүдтэй. Бид байнга хяналт тавьж ажилласан. Гэхдээ зарим нэг компанийн өөрийн зохион байгуулалтаас шалтгаалан удааширсан зүйл байгаа. Энэ асуудлаар бид Азийн хөгжлийн банкинд 5-6 удаа зарим нэг компанийн эрхийг цуцлах шаардлагатай гэж хэлж байсан.

Оны төгсгөлд эдгээр компаниудын ажлыг дүгнэх үйл ажиллагаа явуулсан. Он гараад бүх компаниудтай уулзана. Гуравдугаар сар гараад бүх ажлыг эхлүүлье гэдэг чиглэл өгөөд явж байна. Нөгөө талдаа санхүүжилт тасарсан юм огт байхгүй. Тухайн компанийн үйл ажиллагаанаас шалтгаалж л ажил удааширсан. Бид хоёр компанийг цуцалъя, дахиж зарлая гэдэг саналаа Азийн хөгжлийн банкинд тавьсан. Энэ саналаа Сангийн яаманд ч тавьсан. Мөн Гадаад харилцааны яамаар дамжуулаад олон улсын байгууллагад санал тавьж өгөөч гэдэг хүсэлт тавьсан.

-Хоёр компанийг цуцалъя гэдэг хүсэлт тавьсан гэж байна. Тэгэхээр тэр хоёр компанийн ажил одоо болтол огт явахгүй байгаа гэсэн үг үү?

-Миний зүгээс долдугаар сараас хойш хоёр компанийг цуцалъя гэдэг санал тавьсан. Дангаар цуцлавал Дарханы зам тэр чигтээ зогсоно. Төслийн санхүүжилт татагддаг журамтай. Гурван компанийн үйл ажиллагаа явж байгаа. Хоёр явахгүй байгаа компанийг татъя гэдэг санал тавьсан. Цуцалвал бүгдийг цуцалдаг, үгүй бол бүгдийг цуцалдаггүй олон улсын байгууллагын дүрэм, журам байх шиг байгаа юм. Гэхдээ түүнийгээ эргэж харах байх гэж бид найдаж байна.

-Цуцлах санал тавьсан хоёр компани хахууль өгсөн гээд байгаа компанийн нэг мөн үү?

-Уг нь биш байна лээ. Нэг, гурав, тав нь сайн ажиллаж байгаа. Би нэгдүгээр компанийн хүмүүс хахууль өгсөн гэсэн хэвлэлийн мэдээлэлтэй байна. Хоёр, дөрвийг цуцалъя гэсэн санал өгсөн.

-Х.Оргил-Эрдэнэ газрын дарга энэ чиглэлийн замыг хариуцан ажиллаж байсан гэсэн үг үү. Яагаад авлигын хэрэгт холбогдчихов оо?

-Энэ хүн Авто зам ашиглалтын хэлтсийн дарга. Тиймээс бүх чиглэлийн замыг хариуцаж ажиллаж байсан. Баруун чиглэлийн олон зам, хойшоо чиглэлийн зам, зам хучилт, Дархан, Налайх гээд бүх замуудыг хариуцаад явж байсан.

-Дарханы замтай холбоотой хээл хахуулийн хэрэг дахиад гараад ирэх юм биш биз дээ?

-2020 оныг зам тээврийн салбарын сахилга, хариуцлага хөдөлмөрийн аюулгүй байдлын жил болгон зарлаж байгаа. 2020 оны миний анхны тушаал ингэж гарна. Бүх салбар нэгжүүддээ албан даалгавар хүргүүлнэ. Тангараг өргөсөн төрийн албан хаагчид төрд өргөсөн тангарагдаа үнэнч байх ёстой гэж ирснээсээ хойш би ярьсан. Хэрвээ ийм зөрчил дутагдал гаргавал чөлөөлнө. Өмнө нь хүмүүст итгээд ажилласан. Нэг ч хүнийг өөрчлөөгүй, байгаа баг дээр нь ажилласан. Ийм зөрчил дутагдал гарч байгаа учраас өөрчлөлт хийх шаардлага байна гэж харж байгаа.

-Дарханы замын ажлыг гуравдугаар сард эхэлнэ гэж байна. Хэзээ ашиглалтад оруулах вэ?

-Азийн хөгжлийн банктай байгуулсан тэр компаниудын гэрээгээр зургадугаар сарын 1-нд ашиглалтад оруулна гэж байгаа. Зарим компаниудын гүйцэтгэл 78-80 хувьтай байна. Далангийн гүйцэтгэлийн ажил. Хуучин замаа хуулаагүй, далангийн ажил, гүүр хоолойгоо хийгээгүй байгаа хоёр, дөрвийн хэсэг бол хүнд. Тэнд хүч тавих шаардлагатай. Нэлээд сайн хүн, хүч тавьж байж ажиллуулах хэрэгтэй. Нэг, гурав, тавдугаар хэсгийн ажлууд явчих байх гэж бодож байна. Гэхдээ бид энэ хугацаанд нь тохирсон нарийн төлөвлөгөө гаргаж байгаа. Азийн хөгжлийн банкнаас мөн мэргэжлийн хүмүүс ирж байгаа.

-Хугацаандаа ашиглалт оруулж чадах уу?

-Хэрвээ чадахгүй бол Азийн хөгжлийн банк төслөө татаад нөгөө компаниудад торгууль ирнэ. Компаниуд дэнчин тавьсан байгаа. Тэр нь хураагдана. Тиймээс компаниуд идэвхтэй, сайн ажиллах байх.

-Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр барих нөгөө хоёр эгнээний ажил хэзээ эхлэх вэ?

-Европын сэргээн босголт хөгжлийн банкны эхний шалгаруулалт гарсан. Есдүгээр сард Их хурлаар батлагдсан. Батлагдсаны дараа эхний шалгаруулалт хийсэн. Эхний шалгаруулалтад 70 гаруй, дараагийнхад нь 40 гаруй компани оролцсон. Одоо гурав дахь шатны шалгаруулалт явж байгаа.

-Бас таван компани оруулах юм уу?

-Европын сэргээн босголт хөгжлийн банк өөрсдийнхөө дүрмээр хийнэ. Мөн 5-6 компани байх болов уу гэж тооцож байна. Одоогоор бидэнд тэдэн компани оруулна гэсэн юм алга. Компаниудын бодит хүчин чадлыг харж байгаа. Өмнө нь Азийн хөгжлийн банк компаниудын хөрөнгийг харсан. Хөрөнгийн эх үүсвэртэй, ажлын туршлагатай, мэргэжлийн боловсон хүчинтэй байх шаардлагатай гэсэн шалгуур тавьсан. Ингээд нэлээд том компаниуд орж ирсэн. Тэгсэн хэрнэ ажил нь бас яваагүй. Одоо бол Европын сэргээн босголт хөгжлийн банк Монголд хийсэн ажлын туршлагатай компаниудыг сонгоё, техник тоног төхөөрөмжийг нь газар дээр нь харъя гэдэг байдал руу орж байх шиг байна. бодитой техниктэй компаниудыг авахгүй бол цаасан дээр өндөр дүнтэй компаниуд орж ирээд техник, тоног төхөөрөмжөө татаж авах хугацаа багасвал аюултай гэж харж байгаа.

Төр ахмадууддаа нэг удаа туслах нь зөв

-Тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж байна. Засгийн газар энэ асуудлаар өмнө нь хуралдсан юм билээ. Дэмжсэн үү?

-Тэр хурал дээр би байгаагүй. Энэ долоо хоногийн даваа гаригт Засгийн газар хуралдана. Тэр үеэр яригдах байх. Энэ бол Их хурлаар орж шийдэгдэх асуудал. Засгийн газар дангаараа шийдэхгүй. Аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргадаг. АБЗ-өөр төсөв мөнгөний асуудал шийдэгдэхгүй. Нэгэнт улсын төсөв батлагдсан. Тэгэхээр энэ арай өөр эх үүсвэрээс явах болов уу. Бонд гаргах, мөнгө босгох замаар л санхүүжүүлэх байх.

-Та хувь сайдынхаа хувьд үүнийг дэмжиж байгаа юу?

-Иргэд янз бүрийн л байр суурьтай байх шиг байна. Ядарсан, зүдэрсэн хэдэн хөгшчүүлд нэг удаа тэглээд өгчихвөл зүгээр гэсэн зүйлийг тавьж байх шиг байна. Хөгшчүүл тэтгэврийн зээлтэй, гар дээр нь ч юм очихгүй нөхцөл байдалд яваад байх шиг байна. Зарим хүн зээл аваагүй нь яах юм гэдэг асуудал ярьж байх шиг байна. Энэ бол харьцангуй ойлголт. Аваагүй зээлийг төлнө гэж байхгүй шүү дээ. Эсвэл нөхөн төлбөр олгоно гэдэг асуудал байхгүй. Зээл аваагүйн төлөө нөхөн төлбөр олгоно гэж байхгүй. Одоо зээлтэй байгаа хөгшчүүлдээ Монголын төр нэг удаа тусламжийн гараа сунгая гэж байх шиг байна. Гэхдээ үүнийг улсын төсөвт суулгахгүйгээр ордын ашиглалтыг нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэх боломж байж болох юм.

-Одоо бол Салхитын мөнгөний орд эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа. Гэтэл нэгдүгээр сараас тооцон иргэдийн зээлийг чөлөөлнө гэж Их хурлын дарга мэдэгдсэн?

-Ордын нөөцийг тодорхойлох ажлууд нэлээд хийгдсэн, ашиглах саналууд нэлээд ирж байх шиг байналээ. Уул уурхайн яаман дээр явж байгаа байх. Тиймээс энэ зарчмаараа явбал болохгүй юм байхгүй. Эрдэнэс Тавантолгойн ашгаар бид төмөр зам тавиад эхэллээ. Өмнө нь Эрдэнэс Тавантолгой ашиггүй ажилладаг байсан. Энэ мэт зөв гольдролд нь оруулаад явбал эдийн засагт үр өгөөжөө өгөөд явж байна.

-Ярилцсанд баярлалаа.