Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 193,9 мянган өрхөд 70,9 сая толгой мал өвөлжиж байна. Зудын эрсдэлийн үнэлгээгээр 60 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байгаагаас 15 аймаг 81 суманд өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа юм.
Тийм учраас нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цагийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна.
“Шуурхай бүлэг” Увс аймгийн Баруунтуруун суманд ажиллаж, Онцгой комиссыг хуралдуулан өвөлжилтийн нөхцөл байдал, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.
Увс аймгийн хувьд зудын эрсдэлийн үнэлгээгээр 60 орчим хувьд нэн их, 40 орчим хувьд бага эрсдэлтэй байна. Баруунтуруун, Завхан, Зүүнговь, Зүүнхангай, Наранбулаг, Өндөрхангай, Тариалан, Ховд, Хяргас, Цагаанхайрхан, Улаангом сумдаар нэн их буюу их эрсдэлтэй. Аймгийн хэмжээнд 3625 толгой мал хорогдсон. Мал аж ахуйн салбарын өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн өвс, тэжээлийн нөөцөөс 230 тн өвс, 60 тн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр малчдад олгоод байна.
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах, ард иргэдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх “Ажлын хэсэг”-ийг байгуулан ажиллаж байна. Нийт аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 162 сая төгрөгийг зарцуулжээ.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг томилгоожуулан бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна. Энэ үеэр “Шуурхай бүлэг”-т аймгийн Онцгой байдлын газарт шуурхай албаны фургон автомашиныг шийдвэрлэх, Бөхмөрөн сум дахь Улсын нөөцийн цэгт тэжээлийн агуулах барих хөрөнгө болон эрүүл мэндийн байгууллагуудын эм, эмнэлгийн хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг уламжлалаа.