Европын холбооны газар зүйн заалтад Увсын чацарганыг бүртгүүлнэ
“Европын Холбооны улсуудын зах зээлд чацарганы бүтээгдэхүүнийг экспортлох газар зүйн ач холбогдол” хэлэлцүүлэг Увс аймгийн Улаангом суманд боллоо.
Уулзалт хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, орлогч дарга Б.Намжилсүрэн, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон орон нутгийн төр захиргааны байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөл, чацарганы тариалагч, үйлдвэрлэгч нар оролцлоо.
Хэлэлцүүлгийг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ, “Монголын анхны газарзүйн заалтын тэмдэг нь Увсын чацаргана нэрээр бүртгэгдсэн байгаа нь энэ ажлын эхлэл болж байгаа юм. Энэ тодорхойлолтын гарал үүсэл тухайн бүс нутгийн онцлогтой уялдаж байгаа нь хамгийн чухал юм. Тус бүсэд ажиллаж байгаа тариалагчид, үйлдвэрлэгчид ЕХ-ны зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох, ЕХ-нд газар зүйн заалтаа бүртгүүлэхийн тулд хамтарч ажиллах нь чухал байна. Увсын брэнд болсон чацарганыг Европын зах зээлд экспортлохын тулд МҮХАҮТ-тай хамтран хэрэгжүүлж буй “TRAM”, “Pro Value” төсөлтэй хамтрах хэрэгтэй” гэв.
Мөн тэрбээр Увс аймагт чацарганын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3 холбоог нэгдэж, хамтран ажиллахыг уриаллаа.
Мөн энэ үеэр “TRAM” төслийн багийн ахлагч Кармен Фратита төслөө танилцуулж, ЕХ-ны газар зүйн заалтад Увсын чацарганыг бүртгүүлэх боломж, ач холбогдлын талаар мэдээлэл хийлээ. “TRAM” төслийн зүгээс энэхүү үйл явцад дэмжлэг үзүүлж ажиллахаа мөн мэдэгдсэн юм.
Газар зүйн заалт нь тухайн бүтээгдэхүүний газар зүйн гарал үүсэл, чанар, нэр хүнд, тухайн газар нутагтайгаа холбоотой онцлог шинжийг баталгаажуулсан тэмдэг юм. Дэлхий дахинд газар зүйн 10000 гаруй заалтыг хууль ёсоор хамгаалсан байдаг. Эдгээрээс хөгжиж байгаа орнуудад 10 хувь орчим нь хамаардаг бөгөөд ихэнх нь Европын холбооны улсуудад байдаг байна. Европын Холбооны газар зүйн заалтыг авснаар чацарганын бүтээгдэхүүнийг тус холбооны улсуудад экспортлох, чанар шалгуурыг хангаснаа баталгаажуулах эрх үүсэх юм.