Байгаль хамгаалагчид мотоцикл, ажлын хувцас өгчээ
УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнгөрсөн долоо хоногт Увс аймагт ажиллах үеэрээ Тариалан сумын байгаль хамгаалагч Ч.Адьяасүрэнд ажил үүргээ гүйцэтгэхэд нь зориулж мотоцикл болон өвөл, зуны ажлын хувцас гардуулсан байна.
“Манай сумын газар нутаг уул хад ихтэй, өндөрлөг учраас ажил үүргээ гүйцэтгэхэд багагүй хүндрэл учирдаг. Энэ байдлыг Н.Цэрэнбат сайд харж үзээд өөрийн биеэр хүрэлцэн ирж мотоцикл болон ажлын хувцас гардуулсанд баяртай байна” хэмээн байгаль хамгаалагч Ч.Адьяасүрэн хэллээ.
Увс аймгийн Тариалан сум нь Алтайн нурууны салбар уулс болох Мөнх цаст Хархираан уулсаас Увс нуур хүртэл үргэлжилсэн 247,9 мянган км хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй, газар нутгийн хувьд ерөнхийдөө өндөрлөг, далайн түвшнээс дээш 1600-4200 метрт оршдог юм. Эрс тэс уур амьсгалтай. Хархираа, Түргэний болон Цагаан салаа, Харгайт, Гурван хороо, Бургастай, Орлого, Намир зэрэг том, жижиг голууд, Их бага Адуун нуур, Яст, Шар, Хар зэрэг нууруудтай. Буга, янгир, аргаль, ирвэс, шилүүс, дорго, нохой зээх, гахай зэрэг ховор амьтад нутаглаж, агь, ерхөг, арц, таана, хөмүүл, сонгино, тошлой, үхрийн нүд, нохойн хошуу, тэхийн шээг зэрэг эмийн болон бэлчээрийн ургамал ургадаг өгөөжтэй баян нутаг юм.