Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг баталлаа
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2020.01.30/ хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 04 дүгээр тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулан бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Х.Нямбаатар, Ц.Цогзолмаа, Я.Санжмятав нар болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажиллажээ.
Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулсны зэрэгцээ хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу холбогдох саналын томьёолол бэлтгэснийг нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэсэн байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүн байхгүй байсан тул санал хураалт болж гишүүдийн 56.1% дэмжиж хуулийн төсөл батлагдлаа.