Тэсэрч дэлбэрэх бодист хяналт тавих тухай хуулийг хэлэлцэхийг түр хойшлуулав
2019.04.23

Тэсэрч дэлбэрэх бодист хяналт тавих тухай хуулийг хэлэлцэхийг түр хойшлуулав

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонийй өнөөдрийн /2019,04,23/ хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; асуудлыг хэлэлцэхийг түр хойшлууллаа.

Хуулийн төслийн танилцуулгыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, А.Ундраа, О.Содбилэг, Ж.Энхбаяр нар Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр асар их хүчтэй, хор хөнөөлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлд маш сайн хяналт тавьж, болзошгүй аюул эрсдэлээс сэргийлж байх учиртай. Гэтэл хуулийн төслөөр цэргийнхээс бусад зориулалтаар ашиглах тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний материал хэрэгслийн хяналтыг Онцгой байдлын ерөнхий газарт олгохоор тусгагдсан нь эргэлзээ төрүүлж байна. Учир нь Онцгой байдлын ерөнхий газарт энэ чиглэлийн инженер сапёрын мэргэжилтэн, мэргэжлийн чадавх байхгүй. Иймээс бүрэн мэдээлэлтэй болох үүднээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулж, ажлын хэсгийг өргөтгөн дахин сайтар судалж нягтлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг түр хойшлуулж, мэргэжлийн холбогдох байгууллагуудын удирдлагуудыг байлцуулан дахин сайтар нягталж, ойлголт, байр сууриа нэгтгэх нь зүйтэй юм гэлээ.

Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулж, ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар тогтов.