Харвардын их сургуульд Монгол судлалыг хөгжүүлэх санамж бичиг байгууллаа
2019.12.16

Харвардын их сургуульд Монгол судлалыг хөгжүүлэх санамж бичиг байгууллаа

Дэлхийн тэргүүлэх их сургуулиудын нэг АНУ-ын Харвардын их сургуульд монгол судлалын үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх чиглэлээр БСШУСЯ тус сургуультай Хамтран ажиллах тухай санамж бичиг байгууллаа. Санамж бичигт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Харвардын их сургуулийн Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Марк Эллиотт нар гарын үсэг зурав.

Санамж бичгийн дагуу Харвардын их сургуульд монгол судлалыг хөгжүүлэх шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Уг үйл ажиллагааг Монгол Улсын талаас МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар хариуцан ажиллах юм.

Харвардын их сургууль нь монгол судлалын эртний уламжлалтай бөгөөд АНУ-ын нэрт монголч эрдэмтэн, монгол сурвалж бичиг, үсэг бичгийн дурсгалын талаар хийсэн цуврал судалгаагаар дэлхийн монгол судлалд нэрээ дуурсгасан Фрэнсис Вүүдмэн Кливез энд ажиллаж байжээ.

Түүнээс хойш уг сургуульд монгол судлалын далайцтай үйл ажиллагаа тасалдаад байсан юм. Энд сонирхуулахад Ф.В.Кливезийн номын сан христийн нэгэн сүмд өнөө хир хадгалагдаж байгаа бөгөөд түүнийг судалгааны эргэлтэд оруулах асуудлыг уулзалт ярилцлагын үеэр талууд хөндлөө.

Сүүлийн жилүүдэд Чин гүрний үеийн түүх, манж судлалаар мэргэшсэн профессор Марк Эллиоттын идэвхтэй санаачилга, уйгагүй хичээл, Монгол Улсын БСШУСЯ-ны дэмжлэгээр Харвардын их сургуульд монгол судлал дахин сэргэх сайхан боломж бүрдэж байна.