“Нийслэлийн Боловсрол-2020” дэд хөтөлбөрийн тэргүүлэх зорилтуудад хийсэн хөндлөнгийн үнэлгээг хэлэлцэв
“Нийслэлийн Боловсрол-2020” дэд хөтөлбөрийн тэргүүлэх зорилтуудад иргэдийн оролцоонд тулгуурласан хараат бус, хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, түүний үр дүн, зөвлөмжийг хэлэлцэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлгийг өнөөдөр Хангарди ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн есөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд болон дүүргийн Боловсролын газрын удирдах албан тушаалтнууд оролцов.
Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилттэй Нийслэлийн Засаг даргын Тамгын Газартай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” дэд төслийн хүрээнд “Нийслэлийн Боловсрол-2020” дэд хөтөлбөрийн үр дүнд, иргэний нийгмийн хоёр байгууллагыг сонгон шалгаруулж, иргэдийн оролцоонд тулгуурласан хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн.
Тус хэлэлцүүлгийг нээж, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хэлсэн үгэндээ “Нийслэлийн Боловсрол-2020” дэд хөтөлбөрийн үр дүн маш сайн үнэлгээтэй байдаг. Гэсэн хэдий ч хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр нөлөө, бодит байдалд хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, үр нөлөөг нь тооцож цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд энэ бүхнийг тусгаж ажиллах нь хамгийн чухал юм. Хот сүүлийн гурван жилд хүүхдийн сурлагын амжилтаараа долоон байр ахисан өндөр үзүүлэлттэй байна.
Энэ бол боловсролын салбарт ажиллаж байгаа та бүхний хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн юм. Өнөөдрийн хэлэлцүүлгээр бодит нотолгоо, шинжлэх ухааны тооцоо судалгаанд үндэслэсэн хөндлөнгийн үнэлгээний үр дүнгээс өөрсдийн олж харж чадахгүй байгаа цаашид сайжруулах шаардлагатай олон чухал асуудлуудыг олж хараж, хэрхэн сайжруулах талаар хэлэлцэж, хамгийн сайн шийдлийг хамтран гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
Энэхүү иргэдийн оролцоонд тулгуурласан хөндлөнгийн үнэлгээ нь бодлогын баримт бичиг, түүний үйл ажиллагааг иргэн, иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолой, тэдний хүсэл эрмэлзлийг харгалзан засан сайжруулдаг зөв хандлага, зөв жишгийг бий болгоход чухал алхам болох аж.