“Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох асуудлыг зөвшилцөв
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.13) хуралдаан 11 цаг 37 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай гэрээний төслийг зөвшилцөв. Гэрээний төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан.
Татварын ил тод байдлыг хангах, мэдээлэл харилцан солилцох, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 2017 оны 350 дугаар тогтоолоор өгөгдсөн чиглэлийн дагуу Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох бэлтгэл ажил хангагдаад байгааг тэрбээр танилцуулгынхаа эхэнд хэллээ.
Европын холбооны өмнө хүлээсэн үүрэг, амлалтын дагуу манай улс холбогдох байгууллагын гишүүнээр элсэн орж, эдгээр байгууллагаас тавигддаг стандарт, шаардлагуудыг Засгийн газраас боловсруулсан татварын хуулийн шинэчлэлд тусган, өргөн мэдүүлсний Улсын Их Хурал 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан юм. Ингэснээр Монгол Улсын дотоодын татварын эрх зүйн орчин дагуу Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага болон Европын холбооноос тавьж буй шаардлагад бүрэн нийцэх юм байна.
Тус конвенц 6 бүлэг, 32 заалттай бөгөөд татварын асуудлаар мэдээлэл солилцох, татварын өр барагдуулахад туслалцаа үзүүлэх болон татварын баримт бичиг хүргүүлэх зэрэг үндсэн гурван захиргааны туслалцааг агуулсан гэлээ. Конвенцид нэгдсэн орсноор манай улс Европын холбооны өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх бөгөөд татварын зорилгоор дэлхийн 130 гаруй улс орнуудтай мэдээлэл харилцан солилцох боломж бүрдэх юм байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Гарамжав, Д.Дамба-очир, Б.Баттөмөр, Ж.Ганбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Түүнчлэн гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.