“Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэхийг дэмжив
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өнгөрсөн сарын 29-нд өргөн мэдүүлсэн “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай гэрээний төслийг зөвшилцөв.
Гэрээний төслийн талаар УИХ-ын, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Татварын ил тод байдлыг хангах, мэдээлэл харилцан солилцох, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 2017 оны 350 дугаар тогтоолоор өгөгдсөн чиглэлийн дагуу Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох бэлтгэл ажил хангагдаад байгааг тэрбээр танилцуулгынхаа эхэнд хэллээ.
Европын холбооны өмнө хүлээсэн үүрэг, амлалтын дагуу манай улс холбогдох байгууллагын гишүүнээр элсэж, эдгээр байгууллагын стандарт, шаардлагыг Засгийн газраас боловсруулсан татварын хуулийн шинэчлэлд тусган, өргөн мэдүүлснийг УИХ гуравдугаар сарын 22-нд баталсан юм. Ингэснээр Монгол Улсын дотоодын татварын эрх зүйн орчин Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага болон Европын холбооноос тавьж буй шаардлагад бүрэн нийцэх юм байна.
Тус конвенц зургаан бүлэг, 32 заалттай бөгөөд татварын асуудлаар мэдээлэл солилцох, татварын өр барагдуулахад туслалцаа үзүүлэх болон татварын баримт бичиг хүргүүлэх зэрэг үндсэн гурван захиргааны туслалцааг агуулсан гэлээ. Конвенцид нэгдсэн орсноор манай улс Европын холбооны өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх бөгөөд татварын зорилгоор дэлхийн 130 гаруй улс оронтой мэдээлэл харилцан солилцох боломж бүрдэх юм байна.
Танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд тодруулга хийх, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураав. Хуралдаанд оролцсон 14 гишүүний 78.6 хувь нь “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.