Ж.Ариунболд: УИХ-ын гишүүнийг сонгохдоо боловсрол, туршлагаас гадна эрүүл мэндийн байдлыг нь ч харах ёстой
2020.06.08

Ж.Ариунболд: УИХ-ын гишүүнийг сонгохдоо боловсрол, туршлагаас гадна эрүүл мэндийн байдлыг нь ч харах ёстой

Vip76.mn сайт "Монгол төрийн түшээ" төслийн хүрээнд УИХ-ын гишүүн, Төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнээс сонгогдон ажиллаж байгаа түшээд ямар чадвар, шинжийг бүрдүүлсэн хүн байх тухай салбартаа олон жил ажилласан туршлагатай, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн, судлаач, эрдэмтдийн байр суурийг хүргэж байна. Энэ удаад Санхүү, Эдийн засгийн дээд сургуулийн багш, Доктор Ж.Ариунболдтой ярилцлаа.


Улсын Их Хурлын гишүүн гэж хэн бэ?

УИХ-ын гишүүн гэдэг бол нэг талаасаа маш энгийн ойлголт. Нөгөө талаасаа тайлбарлахад бэрхшээлтэй. Ард түмнээс сонгогдож байгаагаараа УИХ-ын гишүүн бол тэдний элч, төлөөлөгч гэж харах нь зохилтой болов уу. Нийгмийнхээ амьдралыг илүү сайн ойлгодог. Тухайн сонгогдсон тойрог, хэсгийнхээ эрх ашгийг тэргүүнд тавьж ажилладаг хүмүүс юм. Харин УИХ-ын гишүүний хийх ажлыг  хуулиар тогтоож өгсөн. Хамгийн чухал нь хууль боловсруулах, батлах ёстой. 

Системийн хувьд бид ялгаж ойлгох зүйл бий. УИХ-ын гишүүн тодорхой тойргийн, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг төлөөлөх үү? улс эх орны эрх ашгийг төлөөлөх уу. Өнөөдрийн байдлаар бол тойргийнхоо л төлөөлөл болж байна. Явцуу эрх ашгийн хүрээнд ийм байж болох ч туйлын эрх ашгийн хүрээнд Монгол Улсын нийт ард иргэдийн төлөө шийдвэр гаргаж байвал энэ бол хамгийн зөв үйл явц юм. 

УИХ-ын гишүүн, парламентч хүнд байх ёстой шинжүүд юу вэ?

УИХ-ын гишүүн гэдэг бол маш өндөр албан тушаал дээр ажиллаж байгаа, улс орныхоо нүүр царай нь болж байгаа хүмүүс учраас өндөр боловсрол, мэдлэг чадвартай, харилцааны өндөр соёлтой, гадаадын улс орон, байгууллагын харилцаанд оролцоод хүлээн зөвшөөрөгдөх ёстой. 

Хүнийг хийж буй үйлээр нь шинжихүй гэж бий. Бусдад хүлээн зөвшөөрөгдсөн парламентчдыг өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид хичнээнийг бэлдсэн юм болоо гэж асуумаар байна. Тухайн хугацаанд парламентад ажиллаж байсан хүмүүсийг эргээд харахад Монголын улс төрийн амьдралд хүлээн зөвшөөрөгдсөн төрийн түшээ хэд байсан бол. Үүнийг бодох л хэрэгтэй. 

“Төрийн нуруу түвшин байг” гэж үг бий. Тиймээс УИХ-ын гишүүн хувь хүний зан чанарын хувьд түвшин тайван, ул суурьтай аливааг боддог, эх орны эрх ашиг, аюулгүй байдлыг нэн тэргүүнд харж ажилладаг хүн л байх болов уу гэж би боддог. 

УИХ-ын гишүүн хүн эрх ашгаа хэрхэн эрэмбэлэх ёстой вэ?

Аливаа юмыг эрэмбэлэх маш хэцүү. Гэхдээ улс эх орныхоо төлөө ажиллаж байгаа УИХ-ын гишүүн ажлаа эрэмбэлэх процесс амар байж магадгүй. Учир нь Монголын төлөө, монголын ард түмний төлөө явж байгаа учраас амар гэж хэлж байгаа юм. 

  1. Эх орон

  2. Ард түмэн

  3. Тойргийн сонгогчид гэх мэтээр эрэмбэлэх боломжтой. 

Үүнээс гадна УИХ-ын гишүүд ажлаа хийж эхлэхдээ ямар ажил хийхээ их тодорхой болгож зарлах ёстой юм шиг санагддаг. Жишээ нь Японы парламентын гишүүд ажиллах хугацаандаа ямар ажил хийх нь маш тодорхой гарсан байдаг. Яг үүнийхээ төлөө л  анхаарал хандуулж, ажил хэрэг болгохоор зүтгэдэг. Хэрвээ чадахгүй бол тэр дор нь хариуцлагаа хүлээгээд, чөлөөлөгддөг. Энэ бол улс төрч хүнд байх ёстой чанар. 

Дээр хэлсэнээ нэгтгэн хэлбэл, төрт ёсны ухамсар, ёс зүйтэй хүмүүс улс төрд орооч ээ л гэж хэлмээр байгаа юм. 

Бас нэг бодох ёстой зүйл бол манай улс төр, нийгмийн систем зөв явж байна уу гэдгийг бодох цаг болсон. Систем нь тохирохгүй байна уу? Эсвэл хүн нь системдээ тохирохгүй байна уу? Энэ 2 асуудлыг тодорхой болгосны дараа улсын хөгжил, нийгэм эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт үр дүнгүүд харагдана. 

Та сонгогчийн хувьд сонгуульд саналаа өгөхдөө ямар шалгуурыг мөрдлөгө болгодог вэ?

Аливаа юманд сонголт хийх их хэцүү. Менежментийн онолд 2 болон түүнээс дээш хувилбаруудаас аль нэгийг нь сонгохыг шийдвэр гаргалт гэж үзэж байгаа юм. Манай ард иргэд сонгуулийн 4 жилийн цикль дунд шийдвэр гаргалтын системрүү орж эхэлж байна. Үүнд олон зүйл нөлөөлдөг. Гэхдээ иргэд, сонгогчидод ганц л зүйлийг хэлье. Тухайн хүнийхээ түүхийг харах хэрэгтэй. Ямар түүхтэй хүн бэ? Тэр түүхэндээ хэр итгэл үзэмшилтэй амьдарч чадсан хүн бэ? Гэдгийг хараарай.

Дээр нь нэмээд тухайн хүний боловсролын түвшинг хараарай. Боловсрол гэдэг бол дэлхийн нийтээрээ тэргүүнд тавьж байна. Цаашлаад тухайн хүний эрүүл мэнд, зорилгыг харах нь зүйтэй. Бид өнөөдөр хүнтэй зорилгыг талаар ярилцдаггүй. Гэтэл аж ахуй нэгж байгууллага, айл өрх, улс үндэстний урагшаа явах ганц зүйл бол эрхэм зорилго, алсын хараа байдаг. Үүнийгээ зөв тодорхойлоод, түүндээ хүрэх алхам хийх ёстойгоо сайн бодох хэрэгтэй.

Монгол Улсыг хот айлын системээр бодоод үзэхэд, тухайн айлууд хоорондоо нэгдэж нийлээд амьдрах ёстой. Энэ бол тэр хот айлын зорилго. Амьдрахын тулд хот айлын дундаас хэн нь манлайлж авч яван, өрх айлуудаа өмсөх хувцас, идэх хоолтой байлгаж чадах тэр хүнээ л сонгох болно. Бидний сонголт ч үүнтэй яг ижил.