Д.Ончинсүрэн:

Олон сайхан амлалт өгч, мөнгө тараасан хүмүүсээс зайгаа барих цаг болсон


3 минут уншина
Д.Ончинсүрэн: Олон сайхан амлалт өгч, мөнгө тараасан хүмүүсээс зайгаа барих цаг болсон

Vip76.mn сайт "Монгол төрийн түшээ" төслийн хүрээнд УИХ-ын гишүүн, Төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнээс сонгогдон ажиллаж байгаа түшээд ямар чадвар, шинжийг бүрдүүлсэн хүн байх тухай салбартаа олон жил ажилласан туршлагатай, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн, судлаач, эрдэмтдийн байр суурийг хүргэж байна. Энэ удаад “Делойтте Онч” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ончинсүрэнтэй ярилцлаа.


УИХ-ын гишүүн гэж хэн бэ?

Өнөөдөр манай парламентад байгаа гишүүдийг харахад эзэмшсэн мэргэжил, мэргэшсэн байдлыг нь харахад санхүү, төсвийн, бизнесийн мэргэжлийн гишүүд дутагдалтай байна. Дийлэнх нь хууль эрх зүй, улс төрийн чиглэлээр мэргэшсэн хүмүүс байгаа учраас эдийн засаг, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, бизнес, санхүү төсөв, татварын хуулиудыг батлах, шинэчлэн найруулж, нэмэлт өөрчлөлт оруулахад хангалттай хийж чадахгүй байгаа нь харагдаад байгаа юм.

Тиймээс УИХ-ын гишүүн бол өөрийн эзэмшсэн мэргэжилдээ мэргэшсэн, чадвартай хүн байх ёстой. Өнөөдрийн байдлаар манай улсад санхүү, төсөв, бизнесийн мэргэжлийн гишүүд их чухал байна. Тэгэж байж нийгэм, эдийн засгийн хөгжил урагшлах боломжтой болно. Мөн шинжлэх ухаан, техникийн мэргэжил өндөртэй хүмүүс өнөөгийн парламентад хэрэгтэй болсон. 

Харин өнөөдөр УИХ-ын гишүүнийг нийт 76 тойргоос иргэдийн саналаар сонгож байна. Ингэж сонгогдсон хүмүүс өөрийг нь сонгосон хүмүүс болон тухайн хүмүүсийн амьдарч байгаа орон нутагт л хөрөнгө оруулалт хийж, асуудлыг нь шийдэх гээд байдаг.

Дахин сонгогдохын тулд тойргоо л арчлаад байдаг. Энэ нь тойргийн сонгогчдын хүслийг гүйцээгч болгоод байна.

Би чамайг сонгосон учраас хүүхдийг нь ажил, сургуульд оруулах, эмчилгээний зардал өгөх, байшин барилгыг нь засварлаж өгөх ёстой гэж иргэд хүлээгээд авчихдаг. Энэ маш аюултай. Үүний эцэст хүлээлт бий болдог. 

Яг үнэндээ танд би загас барьж өгөхгүй. Барих аргыг нь зааж өгнө гэдэг шиг УИХ-ын гишүүн бол тойргийн иргэдийн хүссэн бүхнийг биелүүлэгч биш тойргийн иргэдээ төдийгүй нийт ард иргэдийн өмнө байгаа асуудлыг шийдэх бодлогыг боловсруулагч байх ёстой юм. 

УИХ-ын гишүүн, парламентч хүнд байх ёстой шинжүүд юу вэ?

Яах гэж ер нь УИХ-ын гишүүн болдог вэ? Мэдээж улс орноо хөгжүүлье, хүмүүсийн амьдралыг өөрчилж, сайн сайхан болгоё гэж бодож эхэлдэг ч энэ нь яваандаа балараад, хэтэрхий их улс төржсөн байдал руу  ороод байна гэж би анзаардаг. Манлайлагч, Удирдагч хүн гэдэг бол биеэрээ үлгэр дууриалал үзүүлж, бусдыг манлайлах чадвартай хүмүүс байх ёстой.

УИХ-ын гишүүн бол өөрөө хуулиа дээдэлдэг, хуульд захирагддаг хүн байх ёстой. Мөн бүх эрх мэдлийг өөр дээрээ төвлөрүүлж, хүрээлүүлэх биш бусдыг хүчирхэгжүүлж, өөрийгөө хүрээлэгчдийг босгон байгуулагч байдаг. 

Манай засаглалын тогтолцоо буруу явж ирсэн учраас удирдагчдын үйлдэл, шийдвэр гаргалтанд нөлөөлөөд байна. Жишээ нь Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлэх боломжтой байхад УИХ-ын гишүүд заавал яагаад сайд нарыг томилоход нэг бүрчлэн оролцох ёстой юм бэ? Энд засаглалын гажуудал яваад байна. Сайд нарыг томилсон УИХ-ын гишүүн тойргийн асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд Ерөнхий сайд, Гүйцэтгэх засаглалын тэргүүнд хандах биш тухайн салбарын сайдтай шууд харилцаж асуудлыг шийдүүлж байгаа нь Засгийн газрын тэргүүнийг хүчгүйдүүлж, эргээд гарах шийдвэр нь үр нөлөөгүй байх тал руу явуулаад байгаа юм. Бид үүнийг хуулийн хүрээнд өөрчлөх ёстой. 

УИХ-ын гишүүн хүн эрх ашгаа хэрхэн эрэмбэлэх ёстой вэ?

Өнөөдөр нийтлэг эрх ашиг, улс орны эрх ашиг бус сүйхээтэй гишүүнтэй тойрог чухал болоод байна. Энэ нь эргээд иргэдийг сүйхээтэй хүнийг сонгох байдал руу чиглүүлээд байна. Гэтэл улс эх орны хөгжлийн төлөөх нийтлэг эрх ашгийн төлөө байж, дугарч чадаж байна уу гэдэг эргэлзээтэй байна. Дээрээ ч, доороо ч “Надад юу оногдох вэ?” гэдэг хандлага руу ороод байна. Монголын зүйр үг бий. “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэж. Төрийн эрх барьж байгаа түшээд нь суудлаа олж, нийтлэг эрх ашгийг ухамсарлаж, мэдрээд, түүний төлөө явахгүй байвал доор нь байгаа төрийн үйлчилгээ, ард түмэн, бизнес эрхлэгч нар ч гүйдлээ олохгүй.

Та сонгогчийн хувьд сонгуульд саналаа өгөхдөө ямар шалгуурыг мөрдлөгө болгодог вэ?

Хамгийн чухал нь туршлагатай, боловсролтой, юм үзэж, нүд тайлсан  хүн байх ёстой. Баруун боловсрол эзэмшиж, түүнийг эх орондоо ажил хэрэг болгож, хөрсөн дээрээ хэрэгжүүлсэн хүн байвал өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, өөрчлөлтөд ойр байх болов уу гэж надад санагддаг. Олон амлалт, мөнгө төгрөг өгсөн хүмүүсээс зайгаа барих цаг болсон. Амьдралыг чинь өөд нь татаж, хүүхдийг чинь сургууль, ажилд оруулж өгье гэж амлаад, таны анхан шатны хэрэгцээг л хангах гээд байгаа хүмүүсийг сонгох шаардлагагүй.

УИХ-ын гишүүн болж байгаа хүн бидэнд бэлэн загас өгдөг биш өөрөө бариад идэх боломжийг, аргыг нь зааж өгдөг хүн байх ёстой.

Түүнээс биш өнөөдөр үр ашигтай ч маргааш танд хэрэг болохгүй зүйлийг амлаад, богино зайнд гүйхгээд байгаа улс төрчдийг төрийн эрх барих дээд байгууллагад гаргах шаардлагагүй болсон. Тэднээс зайгаа барих цаг болсон.