Х.Амгаланбаатар:

Төлөвшил, боловсрол, туршлага бол Төрийн түшээд тавигдах эхний шалгуур


3 минут уншина
Х.Амгаланбаатар: Төлөвшил, боловсрол, туршлага бол Төрийн түшээд тавигдах эхний шалгуур

Vip76.mn сайт "Монгол төрийн түшээ" төслийн хүрээнд УИХ-ын гишүүн, Төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнээс сонгогдон ажиллаж байгаа түшээд ямар чадвар, шинжийг бүрдүүлсэн хүн байх тухай салбартаа олон жил ажилласан туршлагатай, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн, судлаач, эрдэмтдийн байр суурийг хүргэж байна. Энэ удаад Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай  ярилцлаа. 

Тэрээр үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийн салбарынханы томоохон төлөөлөл бөгөөд жирийн ажил хөдөлмөр эрхэлж яваа ард иргэдийн эрх ашиг, нийгмийн хамгааллын чиглэлд олон жил тууштай ажиллаж, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоог 11 дэх жилдээ тэргүүлж яваа билээ. 

Эрхэм уншигч та ЭНД дарж одоогийн УИХ-ын гишүүдэд үнэлгээ өгөөрэй. 


Улсын Их Хурлын гишүүн гэж хэн бэ?

- 1992 оноос хойш шинэ Үндсэн хуулийн дагуу Монголчууд УИХ-ын гишүүдийг бүх нийтийн саналаар сонгодог болсон. Тиймээс УИХ-ын гишүүд бол ард түмний төлөөлөл, элч байх ёстой. Ард түмний элч хүн бол тэднийхээ өмнө тулгамждаж буй асуудал, хэлэхийг хүссэн үгийг төрийн хууль тогтоох түвшинд илэрхийлдэг хүн юм.

Өнөөдөр УИХ-ын гишүүд болон парламентын нэр хүнд ихээр яригдах болсон. Сүүлийн жилүүдэд парламентын чадамж, нэр хүнд олон нийтийн дунд доогуур үнэлэгдэх боллоо. Хууль тогтоох дээд байгууллагад итгэх иргэдийн итгэл муу болсон байна. Гишүүд болон парламентын үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэл ихээр гарах боллоо. Үүний үр дагаварт жирийн иргэд төрдөө итгэх итгэл алдагдаж байна. Тиймээс иргэнийхээ итгэлийг сэргээж, парламентын нэр хүнд, үйл ажиллагааг байх ёстой түвшинд хүргэж, УИХ-ын үйл ажиллагааны цар хүрээг зөв тодорхойлох, нэр хүндийг өсгөх шаардлага тулгарсан. 

2020 он бол УИХ-ын ээлжит сонгуулийн жил. Тиймээс хууль эрх зүйн орчноо сайжруулах ёстой гэж би үзэж байна. Үүний хүрээнд УИХ-ын гишүүн хүн ямар байх ёстой, ямар шаардлага тавигдах ёстой, үйл ажиллагааны хүрээ хязгаар ямар байх, төрийн түшээ, парламентын гишүүн хүн гэж хэн бэ? гэдгийг тодорхой болгох зүй ёсны шаардлага байна.

УИХ-ын гишүүн хүн бол:

Нэгдүгээрт: УИХ-ын гишүүн бол ард түмний элч, төлөөлөгч байх ёстой.

Хоёрдугаарт: Хууль эрх зүйн өндөр боловсролтой байх ёстой.            

Гуравдугаарт: Олон нийтийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг олж харж чаддаг, мэдрэмжтэй хүн байх ёстой.

Дөрөвдүгээрт: Эх орны эрх ашгийг эхэнд тавих ёс суртахууны хариуцлага өндөр байх ёстой.

УИХ-ын гишүүн, парламентч хүнд байх ёстой шинжүүд юу вэ?

Өнөөдөр УИХ-ын гишүүдийн нэр хүнд яагаад ийм доогуур байна гэхээр, олон янзын хүн парламентад сонгогдон ажиллаж байгаатай холбоотой.

Нийт гишүүдийн дийлэнх нь улс төр, олон нийтийн, төрийн алба хашиж байгаагүй, бизнесийн салбарынхан хүч түрэн орж ирснээр нийгмийн шаардлагаа мэдрэхгүй байна.

76 гишүүний 70%-иас доошгүй нь зөвхөн өөрийн болон өөрийн хамаарал бүхий этгээдийн төлөө бизнес эрхэлж явсан хүмүүс ард түмэн, эх орны төлөө ажиллах ёстой гэсэн УИХ-ын гишүүнд тавигдах наад захын шаардлагыг хангахгүй байна. Эдгээр хүмүүс л сангийн зээл, тендертэй холбогдоод байгаа юм. Хуучин бол төрийн албан хаагчид тендерийн хэрэгт холбогддог байсан бол өнөөдөр төрийн дээд түвшин буюу УИХ-ын гишүүн нь ийм зүйлд орооцолдоод сууж байна. Тиймээс хууль эрх зүйн орчноо илүү сайжруулах шаардлага байна.

УИХ-ын гишүүн бол,
  1. Улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьж чадсан хүн
  2. Жирийн иргэдээ бүрэн төлөөлөх чадвартай хүн байх ёстой.

Нийгмийн мэдрэмж бол өргөн хүрээтэй ойлголт. УИХ-ын гишүүн хүн нийгэмдээ юу болж байгааг ойлгодог байх ёстой. Нийгэм гэдэг бол ард иргэдийн дийлэнх олонх хэрхэн амьдарч байгааг хэлж болно. Ажлын байр, эрүүл мэнд боловсролын хүртээмж, нийтийн тээвэр, хоол хүнсний хэрэглээ гэх мэт нийтийн амьдралыг мэдэхгүй, тасарчихсан хүн төрийн бодлого яаж тодорхойлж, хууль батлах юм бэ?

Тиймээс УИХ-ын гишүүн хүн иргэнийхээ амьдралтай танилцдаг, ярилцдаг, очиж харж ажиглан, танилцах ёстой юм.  

Та сонгогчийн хувьд сонгуульд саналаа өгөхдөө ямар шалгуурыг мөрдлөгө болгодог вэ?

- УИХ-ын гишүүн ч биш аливаа хүнийг ажилд авах, найз нөхөд болохдоо тухайн хүнийхээ төлөвшлийг хардаг. Биеэ хэрхэн авч яваа болон хүн чанар, бусадтай хэрхэн харилцаж байгааг харна. Цаашлаад боловсрол, туулсан амьдрал буюу намтар түүх, туршлага зэргийг харах ёстой. Мөн олон нийтийн алба хаших хүмүүсийн олонд хэр танигдсан хүн бэ гэдгийг харах хэрэгтэй. Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүн мөн үү? биш үү? гэдэг УИХ-ын гишүүн болохын энгийн нэг шалгуур. Товчоор хэлбэл,

  1. Төлөвшил
  2. Боловсрол
  3. Туршлага зэргийг хамгийн эхлээд харах хэрэгтэй. 
Тэрнээс биш хэн их мөнгө тарааж, худлаа амлалт өгч, биелэгдэхгүй мөрийн хөтөлбөр танилцуулаад ямар ч үр дүнд хүрэхгүй болсон.

Өмнө нь сонгогчид олон сайхан сонгуулийн амлалтад итгэж саналаа өгдөг, сонгуулийн боловсрол тааруухан байсан үе өнгөрсөн. Учир нь сонголтынхоо үр дүнг үзсэн. Одоо иргэд нэр дэвшигч болон улс төрчдийн хувь хүнийг их анхаарч харж, судалж, танилцдаг болсон. Сонгогчид төрийн түшээд тавих шаардлага өндөрсгөж, улс төрийн боловсрол, мэдлэг, соёлоо дээшлүүлэх ч хэрэгтэй байна.