Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулна
2019.11.01

Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулна

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар өнөөдөр (2019.11.01) Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр тогтоолын дагуу Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулах асуудлаар Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа.  

 

Уулзалтын эхэнд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1, 47.3.1, 47.3.2, 47.4, 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн тул хүчингүй болгох” шийдвэрийг албан бичгээр хүлээн авснаа мэдэгдлээ.

Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан авах журам, зохицуулалтыг шинээр баталж, хэрэгжүүлсэн эсэх, өнгөрсөн 6 сарын хугацаанд төлбөрийг давхардуулан авсан тохиолдолд гарсан эсэх талаар Сангийн яам, Татварын ерөнхий газраас тодрууллаа. Сангийн яамнаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан авах ямар нэгэн журмыг шинээр батлаагүй, өнөөдрийн байдлаар ийм тохиолдол гараагүйг танилцуулав.

Уулзалтын төгсгөлд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32.2 заалтын дагуу Байнгын хорооноос Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулах тул хуулийн төслийг Ажлын албатай хамтран боловсруулж, танилцуулахыг Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд тус тус чиглэл болголоо.

Уг уулзалтад Сангийн яамны Хууль, эрхзүйн газрын дарга З.Энхболд, Орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн, Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал болон албаны бусад хүмүүс байлцав.