2019.10.18

Б.Бат-Эрдэнэ: Эко тээврийн хэрэгслийг онцгой албан татвараас чөлөөлөх боломжтой гэж үзэж байна

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.18/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл (Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн) -ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Засгийн газар ямар бодлого баримталж байгааг Сангийн сайдаас асууж байна. Эдийн засгийн хэмнэлттэй, цлиндрийн бага багтаамжтай, цахилгаан автомашин, тээврийн хэрэгсэл дэлхий нийтийн хэрэглээ болж байна. Үүнийг онцгой албан татвараас чөлөөлөх боломж байна уу?

Татварын хэмжээг бууруулахгүй зохицуулалт ч хийх боломж бий. Их багтаамжтай, эко бусыг нь өндөр тогтоож, эко тээврийн хэрэгслийг хөнгөлөх чиглэлд анхаарах боломж байна уу? Энэ бол иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд чухал юм. Хэрвээ ингэвэл иргэд шинэ, эрүүл, аюулгүй хэрэгсэл унах боломжтой болно. Гэтэл өнөөдөр хуучин, эрүүл бус зүйлийг л гаднаас авч унаад байна. Үүнийг татвараар зохицуулах боломжтой гэж үзэж байна."