2018.11.15
А.Ундраа: Төмөр замчдын нийгмийн хамгааллын асуудалд анхаараарай
Өнөөдөр /2018.11.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.
Засгийн газраас 2018 оны 06 сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулиар "Улаанбаатар төмөр зам"-ын ашиглалтад шаардлагатай бараа материалыг татвараас чөлөөлөх юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн А.Ундраа:
“2018 оны 10 сарын 18-д ОХУ-ын БХ-ын сайд Сергей Шойгу айлчилсан. Байлдааны гавьяаны одонгоор шагнасан. Монгол Оросын харилцааны хувьд Улаанбаатар төмөр зам чухал үүрэгтэй. Эдийн засгийн хувьд ч стратегийн гол байгууллага юм. ЗТХ-ийн сайдаас асуумаар байна. ОУ-ын гэрээ хэлэлцээрээр зохицуулагдаж байгаа асуудалд хайнга хандсанаас болж ийнхүү татвараас чөлөөлөх тухай ярихад хүрсэн байна. Төмөр замчид болон төмөр замтай холбоотой 2 асуудал байна. Төмөр замчдын тэтгэврийн асуудлыг ОХУ-ын шийдвэрлэж байгаа түвшинтэй дүйцүүлэх, нийгмийн хамгааллын асуудал байна. Сайд анхаарал хандуулна уу? 2 улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэг асуудал бол Улаанбаатар төмөр замын арын цэцэрлэг юм. Улаанбаатар хотын ногоон байгууламжын хувьд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дараа орно. Үүнийг нийслэл, БГД-ийн газрын алба хэсэгчлэн хувь хүнд олгосон. Архичид цугладаг, хогийн цэг байдалтай болсон. Үүнийг анхаараарай” гэлээ.
Түүний асуултанд ЗТХ-ийн сайд Я.Содбаатар хариуллаа.