2019.10.18

Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.18/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл (Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн) -ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийн танилцуулгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Энэхүү төслийг ХБНГУ-ын 11.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар 2015 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр төслийн санхүүжилтийн үр дүнг өндрөөр үнэлж, хоёр дахь үе шатны 19.5 сая евро, 2018 оны хэлэлцээгээр төслийн гурав дахь үе шатыг 8.0 сая еврогийн санхүүгийн тусламжаар санхүүжүүлэхээр тохиролцсон.

Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн  гуравдугаар зүйлд заасны дагуу тус төслийн хөрөнгөөр импортоор оруулах суудлын авто машиныг Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлд тусгасан хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.