Ж.Ганбаатар: Улстөрчид асуудлыг дэвэргэж, иргэдийг төөрөгдөлд оруулж байна
2019.10.03

Ж.Ганбаатар: Улстөрчид асуудлыг дэвэргэж, иргэдийг төөрөгдөлд оруулж байна

Сэтгүүлч Ш.Адъяамаа

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг МАН-ын бүлэг өнөөдөр шийдвэрлэх байх. Та хувь гишүүнийхээ хувьд Ерөнхийлөгчийн хоригт ямар байр суурьтай байгаа вэ. Хоригт дурдагдсан үндэслэлүүдтэй санал нийлж байгаа юу?

-Хууль зөрчсөн үндэслэлтэй болоод л Ерөнхийлөгч хориг тавьсан байж таараа. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг олонхоороо шийдвэрлэх асуудалд би цэг тавьсан байдлаар хариулах нь зохистой бус.

Би олонхын шийдвэрээ дагана. Нөгөөтэйгүүр Үндсэн хууль бол олонхын зөвшилцлөөр шийдэгддэг онцлогтой хууль шүү дээ. Миний хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтээс асуух нь зөв гэж үзэж байна. МАН-ын бүлгийн гишүүд олонхоороо кноп дараад батлах энгийн хууль биш гэдгийг хүн бүхэн мэднэ. Тийм учраас ард нийтээсээ асуух нь зөв.

-Хэрэв Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал хоёр дахь хэлэлцүүлгээр баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл задрах зэрэг эрсдэлтэй юм байна?

-Мэдээж хоригийг хүлээж авбал үүсэх бэрхшээлүүд бий. Тийм учраас дараа нь үүсэх эрсдэлүүдийг олон талаас нь авч ярилцаж байж бүлэг шийдвэрээ гаргах байх. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, ѳѳрчлѳлт оруулах цаг, нѳхцѳл нь бүрдсэн гэдэгтэй санал нэг байна. Өнөөдөр гүйцэтгэх засаглал нь УИХ-аасаа хэт хамааралтай байгаа нь улс орны эдийн засгийг боомилдог, Засгийн газар нь барьцаалагддаг, жоохон зоригтой ажиллах гэхээр Засгийн газраа огцруулчихдаг ийм байдал өнгөрсөн 20 гаруй явж ирлээ.

Засгийн газрын дундаж наслалт нь ердөө 1.6 жилээс хэтэрдэггүй байж болохгүй гэдэгтээ санал нэг байгаа. Ерөнхий сайд нь өөрөө засгаа бүрдүүлээд эргээд хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Засгийн газар нь хэдхэн гишүүний гарын үсгээр уначихдаггүй дархлаатай байх, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зэрэг чамгүй сайн заалтууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан. Мөн Үндсэн хуулийн “дордуулсан долоон заалт”-ыг энэ удаагийн өөрчлөлтөөр засна. Ард нийт энэ бүх өөрчлөлтийг зөв талаас нь харж дэмжих байх гэж бодож байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно” гэсэн заалт байсныг та хэлэлцүүлгийн үеэр эсэргүүцэж, санал хураалтаар дээрх заалт дэмжигдээгүй унасан. Яагаад эсрэг саналтай байв?

-Хэрэв төрийн албан хаагчид Үндсэн хуулийн хамгаалалтад орвол Монгол Улсын бүх иргэн төрийн албанд орохыг илүүд үзнэ. Ингэвэл хэн баялаг бүтээж, хэн татвар төлж, хэн улс орныг авч явах юм бэ. Энэ талаар би тухайн үед чуулганы хуралдааны үеэр ч хэлж байсан. Энэ оны нэгдүгээр сарын 01-нээс Төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар төрийн албан хаагчид тогтвортой ажиллах боломж бүрдсэнээс гадна төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг маш сайн зохицуулж өгсөн сайн хууль болсон. Тэгтэл төрийн албан хаагчдыг дахин Үндсэн хуулиар хамгаалах шаардлага байхгүй. Нөгөө талаар ард иргэдийг дотор нь төрийн болон төрийн бус албан хаагч гэж хувааж, ялгаж болохгүй.

Манай олон сонгогдсон гишүүн маш гоё зүйл бодож дээрх заалтыг оруулах гэсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэдний ихэнх нь хувийн хэвшилд бус төрийн албанд түлхүүтэй ажиллаж байсан учраас тэр салбараа илүүтэй мэддэг байх.

Хэрэв Үндсэн хуулиар төрийн албан хаагчийг хамгаалбал өнөө хэр шүүмжлэл дагуулж байгаа төрийн албыг цэвэрлэж чадахгүйд хүрнэ. “Төрийн алба цус ойртсон” гэж ярьдаг атлаа Үндсэн хуулиар хамгаалж болохгүй. Хувийн хэвшлийнхэн, ялангуяа бизнес эрхлэгчдийг дэмжсэн нэг ч заалт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулаагүй атлаа төрийн албан хаагчийн эрхийг Үндсэн хуулиар хамгаалах нь иргэдийг ялгаварлан гадуурхсан болох учраас дэмжээгүй. Би УИХ-д хувийн хэвшлийнхний ялангуяа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хууль, эрх зүйн орчныг сайжруулахын төлөө дуугарна, хамгаална.

-Энэ намрын чуулган хэр ажил хэрэгч болно гэж найдаж байна вэ. Ирэх оны төсөв, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт зэрэг гол гол хуулийн төслүүдээс гадна та өөр ямар хуулийн төсөлд  онцгойлон анхаарал хандуулж ажиллах вэ?

-Энэ парламент сайн, муу янз бүрээр хэлэгдэж байгаа ч гэсэн үе үеийн парламентуудаас хавьгүй илүү ажил хэрэгч ажиллаж байна. Ядаж л хууль батлахдаа олонхоороо шийдвэрлэдэг хууль эрхзүйн орчин бүрдсэн.

Гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, саналаа өгдөг болсон нь ажил хэрэгч гэдэг үгтэй илүүтэй нийцнэ байх. 39 гишүүнтэйгээр хууль батлахын тулд нэг гишүүн 4-5 гишүүний өмнөөс товчлуурыг нь дарж санал өгдөг байсан асуудал үгүй болсон. Намрын чуулган эхлээд гурав хонож байна. Намрын чуулганаар батлах хамгийн чухал асуудал бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт мөн ирэх оны төсөв.

Ирэх оны төсөв харьцангуй нааштай байх бол 2021 оноос өндөр дүнтэй өр, зээлүүдийг төлж эхэлнэ. Үүнийг яаж даван туулах вэ, яаж шийдэх вэ гэдгийг ирэх оны төсөвт суурийг нь тавьж өгөх ёстой. Төсөв хэлэлцэх үеэр тодорхой саналуудаа хэлнэ.

-Та танхимын үйл ажиллагаагаа өөдрөг дүгнэж байна. Гэтэл иргэдийн дунд парламентын нэр хүнд унасныг анзаарч л байгаа байх?

-Иргэд хэт мэдээлэлтэй байх хэрээр мэдээллийн энэ их урсгалд төөрөлдөж төр засаг, нийгэм гээд бүх зүйл нь болж, бүтэхгүй байгаа мэтээр хүлээж авч байгаа тал ажиглагдаж байгаа. АНУ-д ч гэсэн ялгаагүй иргэд нь мэдээллийн урсгалд ядарч, төөрөлдөж цагаачлалын асуудал, сенат, Ерөнхийлөгчийнх нь хийж байгаа үйл ажиллагаанууд, эдийн засаг энэ бүхнээ шүүмжилдэг нь нэг талаасаа хэт их мэдээллээс болж байна гэдгийг АНУ-ын судлаач хэлсэн байсан.

Өнөөдөр сошиал хөгжих хэрээр хүн бүхэн л сэтгүүлч болчихож. Энэ хэрээр улстөрчдийг шүүмжилж байна. Нөгөө талд улстөрчид нь юу ч бүтэхгүй, болохгүй байна гэж ярьдгаа зогсоох хэрэгтэй. Асуудлыг дэвэргэж, иргэдийг буруу төөрөгдөлд оруулж байгаа хүмүүс нь улс төрчид өөрсдөө. Жишээ нь, хамгийн сүүлд л гэхэд УИХ-ыг тараах талаар хэдэн гишүүн хоорондоо ярьсан юм билээ. Гэтэл нийгэмд яаж түгэв. Нөгөө талаар манай хэвлэлийнхэн улстөрчдийг хэт их сурталчилж, нийгэмд хэт  таниулж байна.

Үүний үр дүнд бүх хүн улс төрийг мэддэг, ам уралдан ярьж байгааг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Бүр гаднын улстөрчдийг хүртэл шүүмжилдэг, цэц булаацалддаг. Уг нь эсрэгээрээ эдийн засгийн мэдлэгтэй л болцгоох хэрэгтэй байгаа юм даа. Өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийн талаар парламентын сэтгүүлч бүхэн улстөрчдөөс асууж, сонирхож байна. Гэтэл үнэндээ хориг ард иргэдийн амьдралд ямар ч нөлөөгүй. Хэдэн өдөр шуугиад мартагдаад өнгөрнө.

-Намрын чуулганы эхэнд УИХ, байнгын хороод “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Та төсвийн гүйцэтгэлийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Хамгийн энгийнээр тайлбарлахад, ААН-үүд тухайн жилийн төлөвлөгөөгөө нарийвчлан гаргаад, дараа жил нь дүгнэдэг. Хэрэв төлөвлөгөө нь биелээгүй тохиолдолд хэнээс, юунаас шалтгаалж биелэгдсэнгүй, хэний алдаа байв гэдгийг маш тодорхой ярилцдаг шиг 2018 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх ёстой юм л даа. Энэ талаас нь ярих хэрэгтэй гэдгийг гишүүд ч хэлж байна. Мэдээж өнгөрсөн оноос хойш эдийн засаг өсөлттэй, төсөөллөөс өндөр хувьтай гарсан нь сайн хэрэг. Хөрөнгө мөнгө зарцуулж байгаа байдал, мөн төсөвт тавьж буй хяналт ч эрс сайжирсан. Гэхдээ хэт нэг газарт төвлөрч байгаа нь сайн, муу талтай. Муу тал нь мэдээж төлөвлөсөн ажлуудаа хийж амжихгүй байгааг Сангийн сайд нь хүртэл хэлж байна.

Хоёрт, Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлт зоримог мөн хөндлөнгийн байх ёстой. Ерөнхий аудитор Д.Занданбат төрийн байгууллагуудаас хэнийг ч нь таньдаггүй баймаар байгаа юм. Хэнтэй нь ч хоол иддэггүй, өрөөнд нь ордоггүй байх зарчмыг барьж ажиллах. “Танилын нүүр халуун” гэж үг бий. Хүн чанар дотроос нь зулгаана. Жишээ нь, хувийн байгууллагууд хөндлөнгийн байгууллагаар аудит хийлгүүлдэг. Төрийн том том төслүүдэд мөн гаднын аудит авдаг. Гэтэл өнөөдөр Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хөндлөнгийн бус аудит хийж байгаа нь учир дутагдалтай. Зүгээр нэг аудит хийсэн нэр төдий болсонд би шүүмжлэлтэй хандана. Хөндлөнгийн аудитаар хүний мууг үзэх гээд байгаа ч юм биш. Хаана нь алдаа, зөрчил гарсан байна вэ гэдгийг л тодорхой хэлж өгнө. Тэгж байж алдаагаа давтахгүй, сайжирч, хөгжинө.

-Оюутолгой төслийг цаашид хэрхэх тухай улс төрийн томоохон шийдвэрийг УИХ, Засгийн газар гаргах учиртай ч хойшлогдсоор өнөөг хүрлээ. Оюутолгой төслийн гэрээний хэрэгжилтийг Монголын талд ашигтай болсон эсэхийг шалгасан ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийн дагуу УИХ-аас гаргах шийдвэрийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд орсон  боловч мөн л хэлэлцсэнгүй?

-Оюутолгой төслийн талаарх ажлын хэсгийн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцээд дүгнэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн байгаа. УИХ-ын даргын захирамжаар УИХ-д тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг төслийг хэлэлцсэн учраас дундуур нь өөр асуудал хэлэлцэхийг хориглодог хуулийн дэгтэй. Энэ дагуу ээлжит бус чуулганаар хэлэлцэж амжаагүй. Одоо намрын чуулганаар хэлэлцэнэ. Зайлшгүй хэлэлцэх ёстой асуудал мөн. Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг тогтоолын төслөө УИХ-аар танилцуулахгүйгээр Засгийн газрын хүрээнд шийдвэрлэх үү гэдгээ ажлын хэсэг тодорхой болгох байх. Оюутолгой асуудалд миний хувьд шүүмжлэлтэй ханддаг. Хөрөнгө оруулагч тал гэрээний биелэлтээ хангаж чадахгүй 2008 онд хүлээж байсан бидний хүлээлт өнөөдөр ямар түвшинд байгааг бүгд мэднэ. Тухайн үед  томоохон сэхээтнүүд, нийгмээрээ бүгд Оюутолгой төслийг дэмжиж байсан. Гэтэл өнөөдөр буюу 10 жилийн дараа тэр хүлээлтэд хүрэх нь байтугай 1-2 хувьд ч алга. Уг нь бол Монголын нутаг дэвсгэр дээр байгаа өмч шүү дээ. Төслөө сайжруулах талаар ярих нь зөв. Гэхдээ бүгдийг нь хурааж авна, зогсооно гэсэн байдлаар асуудалд хандаж болохгүй. Харин төслийг сайжруулах хэлцэлд хүрэх шаардлагатай. Сайжруулж байна гээд ганц, хоёрхон өөрчлөлт хийгээд хуурах биш далайцтай сайжруулалт хийх хэрэгтэй.

Оюутолгой төсөл том төсөл мөн үү гэвэл мөн. Том хөрөнгө оруулалт, араасаа олон ААН-ийг тэжээж байгаа ийм төсөл. Улсын төсөвт тодорхой хувь нэмэр оруулж байгаа ч гэлээ Монголын ард түмний хүлээлт, хүссэн хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй байгаа нь асуудал мөн. Төслийг тойрсон хардалтууд ч бий. 1000 төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүнийг 30 мянгаар шахдаг, зардлаа автоматаар өсгөдөг зэрэг энэ бүхнийг засах шаардлага зайлшгүй бий. Хөрөнгө оруулагч тал манайд нээлттэй байж Монгол ард түмэнд итгэл өг л дөө. Үүнийг л бид шаардаж байгаа шүү дээ. Түүнээс биш төслийг зогсооё, далд уурхайг хаая гэж хэн ч яриагүй.

Та тойрогтоо эргэх холбоотой ажилладаг гишүүдийн нэг. Чуулганы завсарлагааны үеэр  тойрогтоо нэлээд ажиллаж байгаа харагдсан?

-УИХ-д олон удаа сонгогдсон зарим гишүүн надад шүүмжлэлтэй ханддаг тал бий. Тойргийнхоо жижиг асуудалд ч хэт орж байна, өөрийнхөө хөрөнгөөр зам тавилаа гэх зэргээр шүүмжилдэг л дээ. Гэхдээ намайг сонгож, итгэл хүлээлгэсэн тойргийн иргэдийн  асуудлыг нь би жижиг гэж хардаггүй. Тэр утгаараа жижиг асуудалд ч гэсэн аль болох анхаарал хандуулж ажиллахыг хичээдэг. Би өмнө НИТХ-ын төлөөлөгч байсны хувьд дүүргүүдэд ямар асуудал тулгардаг уу, иргэд юу хүсдэг үү гэдгийг маш сайн мэднэ. Яахав, халааснаасаа  600 сая төгрөг гаргаж нэг км зам тавьсан. Бусад бүтээн байгуулалтуудад улсын төсөвт хөрөнгийг нь суулгаж, ажил хэрэг болгохын тулд анхаарал хандуулдаг гэх үү дээ. Баянгол дүүргийн 5, 6, 7 хорооны хороолол доторх замыг засахаар маш том бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа.