ЭЗБХ: “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.09.12/ хуралдаанаар Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрт заасан Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийн төсөвт өртгийг 25 сая ам.доллараас 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлэхээр хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн аж.
“Биокомбинат" УТҮГ-ыг өргөтгөх төслийн саналыг 2009 онд анх боловсруулж, 25.0 сая ам.доллароор төсөвлөж байсан үеэс хойш хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд гарсан байна. Тухайлбал, Монгол Улсын мал сүргийн тоо, толгой сүүлийн жилүүдэд огцом өссөн ба 2018 оны эцсийн байдлаар 66.4 сая толгойд хүрсэн, эдийн засгийн хөгжил эрчимжиж, бүтцийн ихээхэн өөрчлөлтүүд орсон, мөн мал аж ахуйн салбарыг экспортын чиг баримжаатай болгон хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх болж мал эмнэлгийн салбарыг олон улсын түвшинд хөгжүүлэх шаардлага үүссэн аж.
Дээрх үндэслэлийн дагуу төслийн цар хүрээг өөрчилж, нэмэгдүүлсэн ба “Биокомбинат” УТҮГ-ын одоогийн барилгыг өргөтгөх байсан бол олон улсын стандарт, шаардлагад бүрэн нийцсэн шинэ үйлдвэрийн барилга, лаборатори барихаар шийдвэрлэжээ. Төслийн хүрээнд олон улсын үйлдвэрлэлийн зохистой дадал /ОМРЛ-ын шаардлага хангасан вирусийн гаралтай вакцин үйлдвэрлэлийн барилга шинээр барьж, өндөр хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох юм байна.
Био аюулгүйн гуравдугаар зэрэглэлийн шаардлага хангасан лабораторийн барилга шинээр барьж, өндөр хүчин чадалтай, орчин үеийн нарийвчлал өндөртэй лабораторийн тоног төхөөрөмж суурилуулахаас гадна үйлдвэрийн хэвийн найдвартай ажиллагааг хангах дэд бүтэц, энерги хангамж, инжөнерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх аж. Түүнчлэн шинэ үйлдвэр, технологи, тоног төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчний сургалт, дадлагажуулалтын ажлыг хэрэгжүүлээр төлөвлөжээ.
Монгол Улс сүүлийн гурван жилд шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин 19.7 сая/тун, бог малын мялзангаас сэргийлэх вакцин 32.3 сая/тун, хонийг цэцэг өвчнөөс сэргийлэх вакцин 23.6 сая/тун гадаадаас импортоор авч нийт 7,525,000 ам.долларыг зарцуулсан байна.
Биокомбинатыг шинэчилж, шинэ үйлдвэр баригдсанаар гадагшаа чиглэсэн валютын урсгалыг зогсоож, цаашид экспортлох боломж бүрдэж жилд дунджаар 10.0 сая тун шүлхий өвчнөөс сэргийлэх, 10-15.0 сая тун мялзан өвчнөөс сэргийлэх 20 сая тун цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болох юм байна.
Төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлогч улс болон хөгжихөд “Биокомбинат” улсын төсөвт үйлдвэрийн газарт шинэчлэл хийх энэхүү төсөл чухал ач холбогдолтойг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва төслийн хүрээнд малын вакциныг дотооддоо үйлдвэрлэн хэрэгцээгээ бүрэн хангах боломжтойгоос гадна, урт хугацаандаа нэмүү өртөг шингэсэн экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогыг барьж ажиллах шаардлагатайг, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл төслийн хүрээнд малын эрүүл байдлыг хангах, дэлхийн төвшний лабораторитой болох боломж давхар бүрдэж байгааг онцлох нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун энэхүү төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлээд, мал аж ахуйн салбарын хөгжил ойролцоо Уругвай улсын туршлагыг судалж байхад вакцин үйлдвэрлэл нь өндөр технологи шаарддаг, вирус алдагдах аюул их байдаг учраас үйлдвэрээ хааж байхад манай улс зээл авч “Биокомбинат” улсын төсөвт үйлдвэрийн газарт хөрөнгө оруулж байгааг дэмжих боломжгүй хэмээсэн.
Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.