Ц.Мөнх-Оргил: Байнгын хороо хэнийг ч сулла, хорь гэсэн чиглэл өгч болохгүй
2019.05.09

Ц.Мөнх-Оргил: Байнгын хороо хэнийг ч сулла, хорь гэсэн чиглэл өгч болохгүй

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлийг сонслоо.

УИХ-ын гишүүн Л.Болд Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүдэд С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт шалгагдаж ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлэх хүсэлт гаргасныг Тагнуулын ерөнхий газарт дөрөвдүгээр сарын 30-ны өдөр албан бичгээр уламжилж шийдвэрлүүлсэн талаараа дурдав.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт шийдэгдсэн зарим этгээдийг хууль тогтоомжийн хүрээнд нэн даруй суллах арга хэмжээ авах санал гаргасан ч дэмжигдсэнгүй

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэл, түүнд дурдагдсан санал, зөвлөмжийг дэмжиж Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг Дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн байна.

Мөн УИХ-ын гишүүн Л.Болд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан хоригдож буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах саналыг гаргалаа. Өөрөөр хэлбэл Тэрбээр “Хууль хяналтын байгууллагаас хууль зөрчиж гэмт хэрэгт ял хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүсэн нөхцөл байдал тогтоогдсон тул С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт шийдэгдсэн зарим этгээдийг хууль тогтоомжийн хүрээнд нэн даруй суллах арга хэмжээ авах” гэсэн саналын томъёоллыг оруулж ирсэн юм. 

Харин түүний саналыг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Байнгын хорооноос хэнийг ч сулла гэсэн чиглэл өгч болохгүй. Байнгын хорооноос прокурор, шүүхийн байгууллагад тавьж, ном журмаар нь шийд гэсэн чиглэл өгч болохоос биш хүнийг сулла, хорь гэдэг чиглэл өгч болохгүй. Саналын томъёолол чинь шууд суллахаар ойлгогдоод байна. Тиймээс өөрчлөх нь зүйтэй” гэсэн юм.

Харин Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Би энэ хэргийг 2.6 жил хөөцөлдөж байна. Та нар зовлонг нь мэдэхгүй. Прокурор, цагдаа, шүүх яаж ажилладгийг би гадарлана. Хүсвэл нэг өдрийн ажил. Эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон. Эрүүдэн шүүхдээ хамгийн хэрцгий, балмад аргаар эрүүдэн шүүсэн. Саармагжуулах, өмөөрөх, хариу дайралт үргэлжилж байна. Хурдан наад асуудлаа шийд. Монголд шүүх байгаа юм уу үгүй юу. Тэр ерөнхий шүүгчийн томилгоог яагаад хийхгүй байгаа юм. Шавраар хүн хийх гэж байгаа юм уу. Сар боллоо. ХЭҮК дугарсан шиг дугар. Үүдэн дээр нь очоод хэвтчих гэж та нарт хэлж байсан. Сүүлийн 70 жилийн түүхэнд би ийм зүйл сонсоогүй. Их зовоож байгаа. Хүчин мөхөстөж байна” гэсэн юм.

ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж мөн хэргийг яаралтай шийдвэрлэх нь зүйтэй талаар ч дурдаж байв.

УИХ-ын гишүүн Л.Болдын саналын томъёоллыг 42.9 хувиар дэмжигдээгүй тул анхны гаргасан саналаа татаж гишүүдийн саналыг тусган өөрчлөв. Ингээд “Хууль хяналтын байгууллагаас хууль зөрчиж гэмт хэрэгт ял тулгаж хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүсэн нөхцөл байдал тогтоогдсон тул С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй  иргэдийн эрхийг хамгаалах талаар хуулийн хүрээнд яаралтай арга хэмжээ авах” гэсэн санал гаргаж 86.7 хувиар дэмжигдлээ.