Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ял оноосон шүүгч нарыг чөлөөлнө гэж мэдэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ. Тэд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж, шүүн шийдвэрлэсэн үйл явцыг нягталж хянах түр хороо хэрхэн ажиллаж эхэлсэн талаар мэдээлэл өгөв.
УИХ-аас байгуулагдсан түр хороо өнөөдөр 15.00 цагт анхны хуралдаанаа хийх аж. Энэ хуралдаанаар уг хэргийг шүүн шийдвэрлэсэн шүүгч нарын асуудлыг ярина гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэллээ. Тэрбээр цааш нь “Анхан шатны шүүхэд Алдар, Мөнх-Эрдэнэ, Оюунчимэг гэсэн гурван шүүгч энэ хэргийг буруу шийдвэрлэсэн.
Монгол Улсын гурван иргэнийг хилсээр, эрүүдэн шүүх замаар хэрэг тулгасан гэж түр хорооны гишүүд үзэж байгаа. Давж заалдах шатны шүүхэд Соёмбо-Эрдэнэ, Бат-Эрдэнэ, Батсайхан гэсэн гурван шүүгч энэ хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүхэд Зоригт, Батцэрэн, Цогт, Хосбаяр, Эрдэнэбалсүрэн гэсэн шүүгч нар орсон. Энэ хүмүүсийг Монгол Улсын иргэдийг хэлмэгдүүлдэг шүүгч нар гэж ойлгож болно. Энэ шүүгч нарыг огцруулахаас шүүхийн шинэчлэл эхэлнэ. Ялангуяа дээд шүүхийн Зоригт, Батцэрэн, Цогт, Хосбаяр, Эрдэнэбалсүрэн нар бол Ц.Элбэгдоржийн томилсон хүмүүс. Б.Хурц гэдэг генералын гар хөл болж, шударга бусын хонгилоор иргэдийг чирдэг шүүгч нар.
Тиймээс өнөөдрөөс эхлээд түр хороо С.Зориг агсны амь насыг хохироосон хэргийг буруу шийдвэрлэсэн, иргэдийг хэлмэгдүүлж, ял өгсөн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын таван шүүгчийг чөлөөлөх, огцруулах асуудлыг Ерөнхийлөгчид тавина. Тэднийг огцортол бид тэмцлээ зогсоохгүй.
Түр хорооны хуралдаанд найман шүүгчийг дуудаж, эрүүдэн шүүсэн бичлэгүүдийг үзүүлнэ” гэдгийг хэллээ. Мөн хэргийг нуун дарагдуулсан, хяналт тавиагүй прокурортой ч хариуцлага тооцох асуудлыг ярина гэв