УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий Аудитороор томиллоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
"Аудит гэж хүн хөндлөнгийн хяналт хийдэг. Миний бодол бол Гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаагүй хүнийг томлох нь зүйтэй. Гэтэл Занданбат бол өнгөрсөн хугацаанд дандаа гүйцэтгэх засаглалын харьяа байгууллагад ажиллаж байсан байна. олон танилтай байх. Танилын нүүр халуун байдаг.
Аливаа ажлыг сайжруулах, үргүй зардлыг бууруулах, хяналт тавих ажлыг хийх хүн уг нь огт танихгүй хүн байвал уг нь зүгээр байх байсан юм.
Төсвийн байгууллагын ажилтанууд маш их гадаад томилолт, сургалт, туршлага судлахаар явдаг. Ингэж их олуулаа гадаад явж, үргүй зардал гаргах шаардлагагүй гэж би боддог. Тиймээс энийг анхаараарай.
Аудит маш сайн хяналт тавьж чадвал төрийн ажил, төсвийн зардал хэмнэлт сайжирна гэж бодож байна."