Д.Сумъяабазар: Ирээдүйн өвийн санг жинхэнэ Баялгийн сан болгохоор ажиллаж байна
2019.05.03

Д.Сумъяабазар: Ирээдүйн өвийн санг жинхэнэ Баялгийн сан болгохоор ажиллаж байна

Уул уурхайн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн үндэсний II чуулганыг Төрийн ордонд зохион байгууллаа. УУХҮЯ-наас санаачлан зохион байгуулж буй энэ удаагийн чуулга уулзалт хүрээгээ тэлж, уул уурхайн салбараас гадна  геологи, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын эмэгтэйчүүд оролцож байгаа аж.

Чуулганыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нээж хэлсэн үгэндээ “2018 оны байдлаар уул уурхай, олборлох салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, экспортын бүтээгдэхүүний 87 хувь, улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг тус тус бүрдүүлж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд манай салбарын оруулах хувь нэмэр  өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдлээ.

Эдгээр эерэг үр дүнгүүд бол манай салбарын эмэгтэйчүүдийн хүнд хүчир ажлын талбарт эрчүүдтэй мөр зэрэгцэн ажилласан  хөдөлмөр бүтээл, гэр бүл үр хүүхдээ умартан зүтгэсэн итгэл зүтгэл, эх орон, ард иргэдийнхээ төлөө гэсэн  чин сэтгэлийн бодит илрэл, бахдам амжилт юм. Энэ бүх зүтгэл, амжилтын тань төлөө та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс, Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарынхаа эрчүүдийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье.

2019 онд манай салбар улсын төсөвт гурван их наяд төгрөгийг татан төвлөрүүлэх үүрэг хүлээгээд байна. Зөвхөн улсын төсвийн бүрдүүлэлт, улс орныхоо баялгаас ард иргэдэд ногдох хувийг шударгаар хуваарилах, ингэснээр айл өрх бүрийн амьдралын боломжийг дээшлүүлэх, бусад салбаруудыг хөгжүүлэх санхүүгийн хуримтлал үүсгэх зэрэг нэн хариуцлагатай үүргийг хүлээж буйгаа бид сайтар ойлгож байна. Энэхүү хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлэхийн тулд Засгийн газар болон манай яамны зүгээс голлох ашигт малтмалын салбаруудаа тэрбум ам.долларын эргэлттэй салбар болгон хөгжүүлэхийг зорьж байна.

Тухайлбал, зэсийн салбар одоогоор гурав орчим тэрбум ам.доллар, нүүрс хоёр тэрбум гаруй ам.долларын эргэлттэй байгааг зэсийн үйлдвэрлэлийн өсөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэргээр дамжуулан өсгөх бүрэн боломжтой. Харин алтны салбар өнөөдрийн байдлаар 800 орчим сая.ам долларын эргэлттэй байгааг нэг тэрбум ам.доллар давсан салбар болгох, бусад 1-2 ашигт малтмалыг 1 тэрбум ам.доллар давсан салбар болгон хөгжүүлэх зорилт тавиад байна. Энэхүү хариуцлагатай үүргийг амжилттай хэрэгжүүлэхэд та бидний нэг зүгт чиглэсэн хамтын ажиллагаа хамгийн чухал юм.

Эрдэс баялгийн салбарын эргэлтийг нэмэгдүүлэх нь бидний зорилгын зөвхөн нэг тал нь юм. Зорилгын нөгөө тал нь түүхий эдийн эргэлтээс бий болох санхүүгийн үр ашиг юм. Түүнчлэн энэхүү зорилгын бас нэг тал нь санхүүгийн бие даасан хараат бус эдийн засагтай дэлхийн улс орнуудтай мөр зэрэгцэн хөгжсөн орон болохын суурийг тавих явдал.  Норвеги, Арабын Нэгдсэн Эмират, Австрали зэрэг уул уурхайн олон жилийн туршлагатай орнууд баялгийн хараалд өртөлгүй Баялгийн сангаараа дамжуулан хөгжиж ард иргэд нь аз жаргалтай сайхан амьдарч буй туршлага бэлхнээ байна. Манай улсад Төсвийн тогтворжуулалтын сан, Хөгжлийн сан зэрэг олон сангуудыг байгуулан ажиллуулж  ирсэн ч өнөөгийн байдлаар хөрөнгө санхүүгийн бодитой хуримтлал үүсгэж чадаагүй байна. Иймд Ирээдүйн өвийн санг жинхэнэ Баялгийн сан болгон хөгжүүлэхээр ажиллаж байна" гэв.

Дашрамд сонирхуулахад "Өнөөдрийн байдлаар уул уурхай, олборлолтын салбарт нийт ажиллагсдын 14 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.