Хөх нүүрс төсөл бүс нутагт жишиг болно
Засгийн газрын 14 мега төслийн нэг болох хагас коксжих нүүрсний төслийн талаар танилцуулж байна.
Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Багануур дүүрэгт хэрэгжих хөх нүүрс төсөл, шинэ баригдах шахмал түлшний үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцаж байна.
Энэ үеэр шадар сайд С.Амарсайхан, зүүн бүсийг хөгжүүлэх, хотын хүн амыг тэлэх, ажлын байруудыг шинээр бий болгох хүрээнд Багануурт эдийн засгийн ач холбогдол бүхий төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон. Ингэснээр нийгэм, эдийн засгийн олон үр өгөөж гарна гэдгийг онцоллоо.
"Эрдэнэс үйлдвэрлэл технологийн парк" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.МӨНХ-ИДЭР:
-"Эрдэнэс монгол" нэгдэл 2024-2028 онд хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө гаргасан. Стратеги төлөвлөгөөний хүрээнд таван үндсэн чиглэл болох үйлдвэрлэл, технологид анхаарч ажиллана. Стратегийн ач холбогдол бүхий орд газруудаа эдийн засгийн нэмүү өртөг шингээсэн, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй эргэлтэд оруулах, нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа нөлөөллийг үнэмлэхүйгээр өсгөх чиглэлд анхаарч, зургаан үйлдвэр технологийн паркийг байгуулахаар зорьж, төлөвлөгөөндөө тусгаж ажиллаж байна. Эдгээр үйлдвэр технологийн паркуудыг төлөвлөх ажлыг үндсэн удирдлагаар хангаж ажиллахаар "Эрдэнэс ҮТП" ХХК ажиллаж байна.