УУХҮ-ийн "ЭРДЭС БАЯЛАГ-ЭМЭГТЭЙЧҮҮД" Үндэсний II чуулган болж байна
2019.05.03

УУХҮ-ийн "ЭРДЭС БАЯЛАГ-ЭМЭГТЭЙЧҮҮД" Үндэсний II чуулган болж байна

Өнгөрсөн жилээс эхлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын эмэгтэйчүүдийн чуулган жил бүр нөхцөл байдлаа шүүн хэлэлцэж, тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, ойрын ирээдүйн зорилтоо дэвшүүлж, салбарын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн асуудлыг шийдэхэд чиглэсэн өөрсдийн дуу хоолойг төр, засгийн хэмжээнд хүргэдэг уламжлалтай болсон. 

Үндэсний чуулганд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, А.Ундраа, Н.Амарзаяа, Д.Сумъяабазар болон салбарын эмэгтэйчүүд оролцож байна.

Тус салбарын эмэгтэйчүүд хүнд хүчир ажлын талбарт эрчүүдтэй мөр зэрэгцэн ажилласан хөдөлмөр бүтээл, гэр бүл үр хүүхдээ умартан зүтгэсэн итгэл зүтгэлд та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс, Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарынхаа эрчүүдийн өмнөөс Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар гүн талархал илэрхийллээ. 

Өнөөдрийн байдлаар уул уурхай, олборлолтын салбарт нийт ажиллагсдын 14 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Эрдэс баялгийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн хамгааллын асуудал Засгийн газрын анхаарлын төвд байдаг.

Уул уурхай, олборлолтын салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн цалин хөлсний хэмжээ бусад салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн цалин хөлснөөс харьцангүй өндөр хэмжээнд байгаа сайн үзүүлэлт байдаг. Гэвч салбар дотроо эмэгтэйчүүдийн цалин хөлсний хэмжээ эрэгтэйчүүдийнхээс 13.5 хувиар доогуур байгаа нь удирдлага, менежерийн түвшин дэх эрэгтэйчүүдийн давамгайлсан байдал, тэдний цалин хөлсний зөрүүтэй байдлаас голчлон шалтгаалж буйг “Агритийм Канад Консалтинг” ХХК-ийн судалгаа харуулжээ.

Цаашид жендерээс үл хамааран адил ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүст эн тэнцүү цалин хөлс авдаг байх бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлэх болно.

Ажлын байрны орчин жендэрийн нийцэмжтэй байх нэгэн чухал нөхцөл бол ажилтнууддаа гэр бүлийн үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь анхаарсан, уян хатан бодлого хэрэгжүүлдэг байх явдал юм. Эрдэс баялгийн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн ажлын ачаалал, цаг хугацааны хуваарилалтыг ар гэрийн амьдрал ахуй, гэр бүл үр хүүхдийнх нь боловсролын асуудалтай уялдуулан зохион байгуулах зорилт хангалттай хэмжээнд байхгүй байгааг анхаарч уян хатан зохицуулахаар ажиллах болно.

Эрдэс баялгийн салбарт өндөр боловсролтой, шинэ зууны эрдэс баялгийн салбарын мэргэжилтэнд тавигдах чадваруудыг эзэмшсэн чадварлаг эмэгтэйчүүдийг хүн хүчний нөөцөд татан оролцуулах зорилт чухлаар тавигдаж байна. Эрдэс баялгийн салбар дахь эмэгтэйчүүдийн хүч нөөцийг ашиглах арга замуудын нэг нь уул уурхайн инженерийн чиглэлээр мэргэжлийн болон дээд боловсролын салбарт эмэгтэй суралцагчдын хувийг нэмэгдүүлэхэд оршдог.

Канадын Бритиш Колумбын их сургууль уул уурхайн мэргэжлээр эмэгтэй суралцагчдын хэмжээг 50 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа бол манай улсын Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь эмэгтэй суралцагчдын хэмжээг 30 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа зэрэг сайн туршлагыг дурьдахад таатай байна. 

Инженер, технологи, уул уурхайн мэргэжлээр төгссөн эмэгтэйчүүдээс гадна өөр мэргэжлээр төгссөн, төрөл бүрийн мэргэжлээр ажиллаж байгаа чадварлаг эмэгтэйчүүдийг татан оролцуулснаар уул уурхайн салбарыг үр ашигтай, нийгмийн хариуцлагаа үүрч чаддаг, бусад салбартай хамтран уялдаатай ажиллаж чаддаг нээлттэй тогтолцоо болгон хувиргахад үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байна.