Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай конвенц ирэх сарын 1-ээс үйлчилнэ
2019.04.17

Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай конвенц ирэх сарын 1-ээс үйлчилнэ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор “Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай Ази, Номхон далайн бүс нутгийн 2011 оны Токиогийн конвенц”-д нэгдэх шийдвэр гаргасныг ЮНЕСКО батламжилсан. Уг конвенц Монгол Улсад 2019 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Монгол Улс дээд боловсролын үйлчилгээгээ олон улсын шинж чанартай болгож, шинэтгэхэд энэхүү конвенцийн үүрэг, хувь нэмэр өндөр юм. Конвецийг соёрхон баталсан улс орны хувьд дээд боловсролынхоо магадлан итгэмжлэлийн системийг илүү боловсронгуй, оновчтой болгодог. Одоогийн байдлаар энэхүү конвецийг соёрхон баталсан Азийн найман орон байна. Аливаа улс нэгдэн орсон болон соёрхон баталсны дараа холбогдох дүрэм, журмыг боловсруулж, дотооддоо мөрдүүлэх ёстой. Одоо Монголын хувьд энэ ажлууд хийгдэнэ гэж ЮНЕСКО-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн боловсролын товчооны Боловсролын инноваци, ур чадварын хөгжлийн газрын дарга Либинг Ванг хэлэв.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг

Манай дээд боловсролын зэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх чухал алхам болж байна. Тус конвенцид нэгдсэнээр Ази, Номхон далайн орнууд, тэр дундаа Япон, Австрали, Шинэ Зеланд, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй оронд Монгол Улсын дээд боловсролын сургалтын хөтөлбөр, диплом, эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх нь тухайн улсад мэргэжил дээшлүүлэх, үргэлжлэн суралцах, эрдмийн зэрэг хамгаалах, ажил хөдөлмөр эрхлэх, шилжилт хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн нөгөө талаас манай оронд суралцаж буй гадаад суралцагчдын хувьд харилцан боломжийг нээж байгаа хэрэг юм. Конвецийн үйлчлэл төр, төрийн бус өмчийн сургуульд ялгамжгүй байна. Гагцхүү магадлан итгэмжлэгдээгүй 14 сургууль хамрагдахгүй. Үүнийг дагаад сургуулиуд сургалтын үйлчилгээний чанараа сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай гэлээ.