Тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
2019.04.09

Тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар Улсын Их Хурлын баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан. 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дэх Нарийнсухайтын орд газар 800 орчим сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсний батлагдсан нөөцтэй, техник-эдийн засгийн үндэслэлийн судалгаагаар нийт хүчин чадал нь жилд 33.5 сая тонн гэж тогтоогдсон. Энэ ордод 2015 оны байдлаар нийт ашигт малтмалын 68 тусгай зөвшөөрөл олгогдсоноос 16 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 6 компани нүүрсний олборлолт, экспортын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж.

Нарийнсухайтын орд газраас Шивээхүрэнгийн боомтоор дамжин БНХАУ-ын хилийн Сэхэ боомт хүрдэг хүнд даацын авто замын боомтын нэвтрүүлэх хүчин чадал жилд 10-12 сая тонн бөгөөд өнгөрсөн онд тус боомтоор нийт 11.9 сая тонн нүүрс экспортолж, гаалийн мэдүүлгийн дүнгээр 310.9 сая ам.долларын орлого олсон байна. Хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлаас шалтгаалан нүүрсний экспортын өнөөгийн түвшинг нэмэгдүүлэх боломжгүй байгаа төдийгүй тээврийн зардал, логистикийн олон шат дамжлагаас шалтгаалж уул уурхайн бүтээгдэхүүн хямд үнээр борлуулагдаж байгаа гэв. 

Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулснаар Нарийнсухайтын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэж экспортлох шинэ гарц нээгдэж, манай улсын нүүрсний экспортын зах зээл тэлж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдэж, тээврийн өртөг 2-4 дахин буурч, хүрээлэн буй орчин ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл сайжирна хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Засгийн газрын 2018 он 08 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын төмөр замын талаар авах арга хэмжээний тухай 232 дугаар тогтоолыг баталсан бөгөөд Шивээхүрэн-Сэхэ боомтын зориулалттай 13 км төмөр зам барихаар шийдвэрлэжээ. Тус төслийн хөрөнгө оруулагчдаас Гашуунсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын царигийн асуудал шийдэгтэл төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг эхлүүлэх сонирхолгүй байгаагаа удаа дараа илэрхийлсэн аж. Иймд Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр замын суурь бүтцийг 1435 мм-ийн царигтайгаар барьж байгуулахаар төсөл боловсруулсан гэлээ. 


Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Д.Дамба-Очир, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг төмөр замын ажилтнуудын тоо нэмэгдэж байгаа, тэр дундаа захиргааны орон тоо 4 дахин нэмэгдсэн талаар шүүмжилж холбогдох ажилтнуудаас хариулт авлаа.

Ж.Бат-Эрдэнэ гишүүн, энэхүү бүтээн байгуулалтыг дэмжиж байгаагаа илэрхийлээд өнгөрсөн оны 08 дугаар сард батлагдсан баримт бичгийг ажил хэрэг болгоход өнөөдрийг хүртэл дорвитой ахиц гаргаагүй байгааг шүүмжиллээ. Тухайн сав газраас нүүрс олборлож буй 7-8 аж ахуйн нэгж хамтран төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийхээр санаачилга гаргаад ажиллаж байгааг тэрбээр дурдав. Төр үүнийг нь боломжит бүх түвшиндээ дэмжин, хамтарч ажиллах чиглэлэд анхаарах шаардлагатайг Ж.Бат-Эрдэнэ гишүүн хэлсэн. Ингээд төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.