2019.02.02

А.Сүхбат: Нэг хүнийг гэрийн хорионд байлгахын тулд хичнээн сая ам.доллар зарцуулах гэж байгаа вэ?

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр заасан. Уг ялыг хэрэгжүүлэхдээ цахим хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавихаар төлөвлөсөн бөгөөд “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг 9.5 сая ам.долларын өртөгтэй байгуулах эдийн засгийн тооцоо, судалгааг гаргаж, улмаар уг төслийг БНСУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлд хамруулахаар шийдвэрлэсэн.

Гэвч “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг байгуулах санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардагдах цахим бугуйвч, түүний техникийн үзүүлэлт, дагалдах тоног төхөөрөмжүүдийн төрөл тодорхой болоогүй байна. Иймд хуулийн хэрэгжилттэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаа тул Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ гэж заасныг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгон өөрчлөх тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

“Монгол Улсад хууль гэдэг зүйл хэтэрхий цатгалдаад байна. Хөрсөндөө хэрэгжээд болж байхад хэн нэгний төлөө өөрчлөлть оруулж байгаагийн нэг жишээ бол энэ хууль байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар жишээ авая. Энэ хууль ямар хэрэгжилттэй, үр дүнтэй яваа билээ. Яаж хэрэгжиж байгаа билээ. Бүгд мэднэ. Тиймээс энэ хуулийг татах гэж байгаа юм байна. Цаашдаа ярих шаардлагагүй л хууль юм. Нүүдлийн соёл иргэншлээ суурин соёлтой уях арга чиглэлээ гаргамаар байна. Тэгэхгүй бол хэн нэгний захиалгаар нэг хууль оруулж ирээд батлаад явдаг. Энэ байдлаа болих цаг болсон.

Монгол хүнд өөрийн гэсэн бодлого байх ёстой. Үүнийгээ гаргахгүй бол болохгүй. Тиймээс би дэмжихгүй байна.”