2019.02.02
О.Баасанхүү: Эдлүүлэх ял нь техник байхгүй гээд ялыг хойшлуулах хууль юм байна
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр заасан. Уг ялыг хэрэгжүүлэхдээ цахим хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавихаар төлөвлөсөн бөгөөд “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг 9.5 сая ам.долларын өртөгтэй байгуулах эдийн засгийн тооцоо, судалгааг гаргаж, улмаар уг төслийг БНСУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлд хамруулахаар шийдвэрлэсэн.
Гэвч “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг байгуулах санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардагдах цахим бугуйвч, түүний техникийн үзүүлэлт, дагалдах тоног төхөөрөмжүүдийн төрөл тодорхой болоогүй байна. Иймд хуулийн хэрэгжилттэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаа тул Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ гэж заасныг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгон өөрчлөх тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
“Яллагдагчид эргэлзээтэй нөхцөл үүсвэл ашигтайгаар шийднэ гэж байдаг. Эдлүүлэх ял нь техник байхгүй гээд ялыг хойшлуулах хууль юм байна. Ялыг эдлүүлэх бололцоогүйгээс ял эдэлж чадаагүй бол цагаатгах ёстой юм биш үү? Энэ хууль батлагдсанаас хойш гэмт хэрэг үйлдсэн этгээд зорчих эрхийг хязгаарлагдсан тохиолдолд ял нь хойшлохоос биш одоо яг батлахааэс өмнөх ялд үйлчлэх боломж байхгүй. Хууль зүйн утгаараа ийм юм.
Хууль зүй, дотоод хэргийн яам ер нь Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг хэзээ янзалж оруулж ирэх вэ? Хүн зодсон хүн 100,000 торгуульдаг. Хүн гүтгэсэн бол 2 саяар торгодог. Х тайлан гаргавал 1 сая төгрөгөөр торгодог. Тухайн хүн ямар ч орлого олсонгүй. Надад мөнгө байхгүй гээд Х тайлан гаргаад байхад 1 сая 500 олж ир гэдэг. Бохь, тамхи ширхэглэн зарж байгаа хүмүүсийг 50,000 төгрөгөөр торгож байна. Тэдний зарж байгаа нь 20,000 төгрөгт ч хүрэхгүй.
Органик том хуулиудаа бодлогын яамны хувьд дээрх 2 хуулийг УИХ-д оруулж ирэх үү?”
Түүний асуултанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хариуллаа.