2019.02.02

М.Билэгт: Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг Ц.Нямдорж сайд байгаа хугацаандаа шинэчлэл хийгээрэй

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр заасан. Уг ялыг хэрэгжүүлэхдээ цахим хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавихаар төлөвлөсөн бөгөөд “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг 9.5 сая ам.долларын өртөгтэй байгуулах эдийн засгийн тооцоо, судалгааг гаргаж, улмаар уг төслийг БНСУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлд хамруулахаар шийдвэрлэсэн.

Гэвч “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг байгуулах санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардагдах цахим бугуйвч, түүний техникийн үзүүлэлт, дагалдах тоног төхөөрөмжүүдийн төрөл тодорхой болоогүй байна. Иймд хуулийн хэрэгжилттэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаа тул Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ гэж заасныг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгон өөрчлөх тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

“Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг Ц.Нямдорж сайд байх хугацаандаа шинэчлэл өөрчлөлт хийж оруулж ирээч ээ гэж хүсэж байна. Төрийн албан хаагчдийг ард түмний,татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлдаггүй, үргүй зарцуулдаггүй болгоод өгөөч гэж хүсэж байгаа. Эрүүгийн хуульд 300 мянган төгрөгийн торгуультай. Тэрнээс дээш эрүүгийн хэрэг үүсгээд явдаг. Гэтэл төрийн өмчит компанийн удирдлагууд, эрх бүхий албан тушаалтнууд 10 саяас дээш хохирол учруулсан бол эрүүгийн хэрэг үүснэ гэж оруулсан. Энүүгээр төр, татвар төлөгчийн мөнгөөр төрийн албан тушаалтан хөрөнгөжих нөхцөл бүрдсэн.

Харин өнөөдрийн оруулж ирж байгаа өөрчлөлт бол манай төрийн нийтлэг алдаа харагдаж байна. Цахим төв байгуулах ТЭЗҮ-ээс 9,5 сая ам.доллар гэж оруулчихаад одоо 10 сая ам.доллар гээд өөрчлөхгээд хуулиа хойшлуулах тухай яриад сууж байна.

Мөн сүүлийн үед ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийн ихэнх нь хүний амь хөнөөсөн хэрэг үйлдсэн байна. Энийг хараад эмэгтэйчүүд аргагүй бие хамгаалах гэж ийм байдалд хүрсэн болов уу гэж бодсон.”

Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хариуллаа.