2019.02.01
Ж.Энхбаяр: Цэргийн мэргэжлийн удирдлага тасралтгүй байх ёстой
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.02.01/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцэж байна.
Хуулийн дагуу эрх барьж байгаа намын дарга У.Хүрэлсүх намынхаа УЗ-д УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн юм. Тус намын УЗ-аас түүнийг 100 хувийн саналаар дэмжиж УИХ дахь МАН-ын бүлэгт нэрийг нь оруулсан бөгөөд Намын бүлгийн гишүүд дэмжсэн. Ингээд өнөө өглөө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжлэг авч, УИХ-ын чуулганд ийнхүү хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа юм.
Яг одоо УИХ-ын гишүүд нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
“Г.Занданшатар гишүүнийг дэмжиж байна. Анхааруулах нэг зүйл байна. УИХ бол Зэвсэгт хүчний дээд удирдлагыг хэрэгжүүлдэг байгууллага. ЗХЖШ цэргийн мэргэжлийн дээд удирдлагагүй нилээд хугацаа өнгөрлөө. Ингэж хугацаа алдах эрхгүй. Чөлөөлөөд залгуулаад томилох ёстой. Монголын зэвсэгт хүчин улс орныхоо нэр хүндийг өргөж яваа.
Цэргийн мэргэжлийн удирдлагын тасралтгүй байдал хангагдаж байх ёстой. ЗХЖШ-ын дарга Ерөнхий командлагчийн шууд удирдлага дор байдаг. Энэ удирдлагыг сар шинийн өдрүүдээс өмнө яаралтай оруулж ирж томилж өгөхийг таниас хүсч байна. МУ-ын Ерөнхийлөгчид ч гэсэн энэ асуудлыг маргаашийн дотор оруулж ирээд томилуулах хэрэгтэй.
Ерөнхий сайд онцгой анхаарах зүйл байна. зэвсэгт хүчинд иргэний хяналт тавьдаг гол ажил хийгдэхгүй байна. ЗХ-ийн ерөнхий хянан шалгагч томилогдохгүй 2 жил болж байна. Үүнээс болж зэвсэгт хүчинд хэрэг гарч, байлдагч нь хил даваад явж байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай нэг мөр болгох хэрэгтэй.”