“Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолыг дэмжсэнгүй
2019.01.24

“Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолыг дэмжсэнгүй

Өнөөдөр /2019.01.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого" батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Батнасан, Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар нарын өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслөөр төрийн аудитын бодлого, чиглэлтэй аудитын хуулийн этгээдийн тогтолцоо, дотоод аудит болон байгаль орчны, мэдээллийн технологийн зэрэг бусад аудитын салбарын үйл ажиллагаа, хамтын ажиллагааг сайжруулж, аудитад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хяналттай, хариуцлагатай аудитын тогтолцоог бий болгож, төрийн аудитын хөгжлийг олон улсын чиг хандлагад нийцүүлж, төрийн аудитын байгууллагын хууль эрх зүйн орчин боловсронгуй болж, хараат бус байдал бэхжинэ гэж хууль санаачлагчид үзжээ. 

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. 

Монгол Улсад хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм бий болгох Үндсэн хуулийн зорилтын хүрээнд төрийн аудитын байгууллагын идэвх, оролцоог нэмэгдүүлэх замаар сайн засаглалыг дэмжиж, зөвлөн туслах үйл ажиллагааг тэргүүлэх чиглэл болгон төрийн аудитыг хөгжүүлэх зорилгоор Төрийн аудитын талаар  төрөөс баримтлах бодлогыг боловсруулжээ. 

Тогтоолын төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Байнгын хороо 2018 оны 10 сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. тус байнгын хорооноос тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил, М.Билэгт, Д.Оюунхорол нар асуулт асууж, хариулт авлаа.

Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан, Д.Тогтохсүрэн нар дэмжсэн байр сууринаас үг хэлсэн бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ц.Оюундарь, Ц.Мөнх-Оргил нар дэмжээгүй байр сууринаас үг хэллээ. 

Үүний дараа хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72 хувь нь дэмжсэнгүй. Ингэснээр тогтоолын төслийг төсөл санаачлагчид нь буцаалаа.