“Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа
2018.06.18

“Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Батнасан, Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар нар “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр /2018.06.15/ Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

 Улс орны тогтвортой хөгжилд төрийн аудитын гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд төрийн аудитын нийгэмд оруулах үнэ цэнэ ба өгөөж, улс орны хөгжилд үзүүлэх бодит нөлөө, аудитын олон улсын хөгжлийн чиг хандлагыг харгалзан үзэж, төрийн аудитыг цаашид хөгжүүлэх бодлогыг тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
 Иймд төрийн аудитын бодлого, чиглэлтэй аудитын хуулийн этгээдийн тогтолцоо, дотоод аудит болон байгаль орчны, мэдээллийн технологийн зэрэг бусад аудитын салбарын үйл ажиллагаа, хамтын ажиллагааг сайжруулж, аудитад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хяналттай, хариуцлагатай аудитын тогтолцоог бий болгож, төрийн аудитын хөгжлийг олон улсын чиг хандлагад нийцүүлж, төрийн аудитын байгууллагын хууль эрх зүйн орчин боловсронгуй болж, хараат бус байдал бэхжинэ гэж үзэн тогтоолын төслийг боловсруулжээ. 
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 2011 оны 66 дугаар хуралдаанаар Аудитын дээд байгууллагыг бэхжүүлэх замаар төрийн удирдлагын үр өгөөж, хариуцлага, үр ашиг ба ил тод байдлыг дээшлүүлэх талаар тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолын дөрөвдүгээрт “1977 онд батлагдсан Аудитын суурь зарчмын талаарх Лимагийн тунхаглал болон 2007 онд батлагдсан Аудитын дээд байгууллагуудын хараат бус байдлын талаарх Мексикийн тунхаглалыг талархалтайгаар тэмдэглэн, эдгээр тунхаглалуудад тусгагдсан зарчмуудыг өөрсдийн үндэсний бүтцэд нийцүүлэн хэрэгжүүлэхийг гишүүн орнуудад уриалж байна” гэж заасан байдаг нь “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого”-д тусах учиртай юм.